Шууд Chart

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй

2014-04-14 12:55:04

Өнөөдөр болсон УИХ дахь бие даагчдын зөвлөлийн мэдээллийн үеэр УИХ-ын бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд дээр саналаа хэллээ.

УИХ, Засгийн газрын гишүүдийн "давхар дээлийг" тайлах асуудлыг ирэх пүрэв гарагийн ээлжит чуулганаар хэлэлцэнэ.
 
Энэ талаар УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн зөвхөн УИХ болон Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх нь хангалтгүй. Үндсэн хуульд нь УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг үлдээж байна. Тэгэхээр нэг ёсондоо үүнийг өөрчилсөн болж ард түмний нүдийг хуурах гэж байна гэсэн юм.
 
Мөн давхар дээлийг тайлах гэж байгаа бол гуравны нэг нь, тавин хувь нь байж болно гэсэн асуудлыг үлдээж болохгүй. Өмнө нь Үндсэн хуульд байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн заалтыг л сэргээх ёстой. Тэгэхээр процессийн хуулийг биш гол Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгээ хэллээ.
 
Энэ долоо хоногт мөн УИХ-ын байнгын хороогоор Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ хуулийг зайлшгүй хэрэгжих цаг нь болсон гэж үзэж байгаа аж. Тэрээр "Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган иргэн нэмэгдэж байна. Нийслэлийн иргэд өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болж байна. Улаанбаатар хот дэлхийн бохирдол ихтэй хотуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тийм учраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль гарах зайлшгүй шаардлага байгаа юм" гэлээ.
 
Мөн С.Ганбаатар гишүүн энэ долоо хоногт хэлэлцэх Бие даагчдын зөвлөлөөс өргөн барьсан Компанийн тухай хуулийн талаар саналаа хэллээ. Түүний хэлснээр Компанийн тухай хуулийн мөн чанар нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр гадаадын санхүүгийн болон банкны байгууллагууд орж ирж манай хувьцаат үйлдвэрийн газруудыг бүгдийг нь луйвардсан 24 жилийн түүхийг таслан зогсооход чиглэсэн аж. Өөрөөр хэлбэл, луйврын үйл ажиллагаа явуулдаг хуулийн цоорхойг зогсооё гэж байгаа юм гэж С.Ганбаатар гишүүн ярилаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй