![](/uploads/201404/news/thumb/d8ab49caff539d92ac05dd3312dce776_x3.jpg)
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдсан. Нэлээд сунжирч удаан хуралдсан бүлгийн хурлын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн энэ удаагийн хурлаар гишүүд Монголын банкуудын холбоо болон арилжааны банкуудын удирдлагуудаас мэдээлэл сонссон байна. Бүлгийн гишүүдийн үзэж буйгаар манай орны эдийн засгийн байдал тун хүнд байна. Гэвч эрх баригчдын зүгээс улс орны нийгэм эдийн засгийн байдал сайн байна гэсэн ташаа мэдээлэл цацаж байна гэлээ. Эдийн засгийн энэхүү хямралт байдлыг Монголын банкуудын холбоо болон арилжааны банкуудын удирдлагууд ч мөн хүлээн зөвшөөрч, Засгийн газрын алдаатай бодлогын улмаас үүссэн энэхүү хүнд байдлаас гарахад сөрөг хүчнээс тусламж хүссэн гэдгийг мөн хэллээ.
Үүнээс гадна МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулган дээр "царцаасан барилгуудтай" холбоотой асуудлаар тав хоногийн завсарлага авсан. Энэ талаар өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар УИХ, Засгийн газар, хувийн хэвшлүүдийн аль аль нь алдаа гаргасан учраас одоо хамтарч алдаагаа засах хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн царцаасан барилгуудад хийсэн Аудитын дүгнэлт дээр үндэслэж гаргасан Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгийнхэн УИХ-ын гаргасан тогтоолуудыг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байна гэж үзсэн бөгөөд энэ нь дээрх царцаасан барилгуудтай холбоотой 60, 63-р тогтоолуудаар илэрч байна гэж Д.Оюунхорол гишүүн хэлсэн юм.
Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлын талаар тодруулахад "Энэ асуудал дээр тун нухацтай хандах ёстой. Хариуцлага тооцох талаар намын бүлэг нэгдсэн шийдвэр гаргаагүй байна" гэсэн юм.
МАН Засгийн газрыг эдийн засгийн хямралт байдлыг нууж байна гэлээ | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.