
Найруулагч Э.Ган-Очирын бүтээл "Дурсаж яваарай" кино "Remember Me” нэрээр Казаны олон улсын Муслим кино наадамд өрсөлдөхөөр болжээ.
Монгол уран бүтээлчдийн "Дурсаж яваарай" кино “Бүрэн хэмжээний шилдэг кино” төрөлд шагналын төлөө 11 бүтээлтэй өрсөлдөх юм байна.
Уг кино наадам нь Татар үндэстний соёл, ёс заншлыг авч үлдэх, түгээх зорилготойгоор 2005 онд Казан хотын соёлын газар, Татарстаны урлаг соёлын яамны дэмжлэгтэйгээр үүсч, өдгөө Орос улсад ордог хамгийн том кино форум болж чадсан. Цар тахлын улмаас энэ жил олон улсын кино наадмыг нээлттэй хийхгүй бөгөөд есдүгээр сард шагналаа зарлаж, шилдэг уран бүтээлүүдээ шалгаруулах аж.
Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая ном үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Энэ бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан.
Монголынхоо үзэгчдэд тавдугаар сарын 24-нд дижитал хэлбэрээр хүртээл болсон “Дурсаж яваарай” уран сайхны кино 2021 онд АНУ-д болох олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад байгаа ажээ.
Найруулагч Э.Ган-Очирын "Дурсаж яваарай" кино олон улсын кино наадамд өрсөлдөнө | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.