
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн долдугаар тойргийн тоглолтоо маргааш “Хан-Уул”-ын эсрэг хийнэ. “Хан-Уул” энэ жилийн лигийн хүснэгтэд дээгүүр байрт бичигдэхгүй байгаа ч клүбийн менежер Идэрийн Сарангэрэл “ДМЮ”-г хожно гэдэгтэй итгэлтэй байна.
Тэрбээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч А.Амартүвшин Нисэхийн хөлбөмбөгт дуртай хэсэг залуусыг дэмжиж, “Хан-Уул” клүбийг байгуулсан. Клүбийн зүгээс бэлтгэл сургуулилт хийх заал, талбай, тэмцээн уралдаанд оролцох хувцас хэрэглэлээр хангадаг. “ДМЮ” багийн ахлагч, хаалгач Ш.Ган-Эрдэнэ энэ клүбийг бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр л энэ залуусыг “Хан-Уул” тугийн дор цуглуулж чадсан гавьяатай. Манай баг 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Нэгдүгээр лиг”-ийн эрх авсан. Лигт орсон анхны жилээ 11 багаас найм, өнгөрсөн жил 10 багаас долдугаар байр эзэлсэн нь үндсэн ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаандаа оролцдог залуусын хувьд чамлах амжилт биш. Өнгөрсөн жил нэг хэсэг “Нэгдүгээр лиг”-ийг тэргүүлж байлаа. Манай клүб футзалын дээд лигт давхар өрсөлдөж байна. Голдуу туршлагатай тоглогчид футзалын сонгож, залуучууд нь талбайн хөлбөмбөгт үлдсэн. Хэдийгээр энэ жилийн “Нэгдүгээр лиг”-т залуу бүрэлдэхүүнтэйтэй оролцож байгаа ч гэсэн тэднийг туршлагажуулж, лигтэй үлдэх зорилготой. Миний хувьд үндсэн ажлын ачааллаас шалтгаалж энэ жил бүх тоглолтдоо ирж чадахгүй байна. Гэхдээ нэг сонирхолтой зүй тогтол бий. Намайг ирсэн тоглолтод баг маань хожигддоггүй. Тиймээс би ням гарагийн тоглолтод заавал очих болно. “ДМЮ” бэлтгэл сургуулилтаа цаг тухай бүрт нь сайн хийдэг, залуу халаагаа бэлтгэхэд маш их анхаардаг, эрч хүчтэй баг гэдгийг сайн мэднэ. Гэхдээ бид тэдний тоглолтын маш том сул талыг олж харсан. Тэдний хэд хэдэн тоглогч бэртлийн улмаас тоглолтоо олж чадахгүй байгаа. Бас хамгаалалтын хоёр гол тоглогч нь өмнөх тоглолтод улаан хуудас авснаар манай эсрэг тоглохгүй. Тиймээс “ДМЮ”-г хожих боломжтой. Өмнө нь тэдэнтэй гурав таарахдаа бүгдэд нь хожигдсон цувралыг зогсоохыг хүсч байна” хэмээн ярилаа.
И.Сарангэрэл: Бидэнд “ДМЮ”-г хожих боломж бий | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.