![](/uploads/201404/news/thumb/08a77a2a1ce1440693e1bc3601bc0594_x3.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл мөн Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсох байсан.
С.Дэмбэрэл гишүүнээр ахлуулсан Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах ажлын хэсэг саналаа бүрэн боловсруулж дуусаагүй байгаа тул уг асуудлаар завсарлага авлаа. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг харин байнгын хорооны дарга Р.Бурмаа хасах тухай санал оруулсан юм.
Ингэснээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн, Агаарын бохирдлын талаарх заалтыг Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хуралдлаа.
Дээрх гишүүдийн Засгийн газрын тухай хуульд оруулах заалтын гол санаа нь агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институтуудын уялдаа холбоог сайжруулах, өөрөөр хэлбэл бүх яамдын ажлын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар заалтуудыг оруулах байсан юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлж буйгаар ингэж бүх яамны чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг оруулах нь илүү үр дүнтэй арга болох бөгөөд 2016 он гэхэд иргэд агаарын бохирдлыг бууруулах талаар ямар нэг арга хэмжээ авч ажилласан байна гэж хэлэхээр болно гэв.
Хууль санаачлагчдын илтгэлийн дараа УИХ-ыг гишүүн С.Баярцогт болон М.Батчимэг түүнчлэн Р.Бурмаа, Л.Цог, Д. Эрдэнэбат нар санал бодлоо хэлсэн юм.
С.Баярцогт гишүүн дээрх заалтыг санаа нь зөв хэдий ч арга нь буруу байна гэсэн. Тэрээр "Засгийн газар өөрөө яамдынхаа бодлогыг тодорхойлдог. УИХ-ын гишүүд хүссэн үедээ ингэж яамдын бодлогыг тодорхойлоод байвал цаашдаа буруу жишиг тогтоно. Тийм учраас хууль санаачлагчид уг саналаа эргүүлэн татаж авах талаар ярилцана уу" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа нар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг бүх яамдад хуваарилахаар хариуцах эзэн, үр дүн нь тодорхойгүй болох талтай гэдгийг анхааруулан хэллээ.
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хариуцсан ажлынхаа хүрээнд энэ ажлыг хийх ёстой байтал яагаад ийм нэмэлт заалт оруулж байгаа талаар асуусан гишүүдийн асуултад С.Дэмбэрэл гишүүн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо тодорхой шийдэх ёстой асуудлуудаа шийдэж чадахгүй байна гэж дүгнэж байгаагаа хэллээ.
Мөн түүнчлэн гишүүдээс агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн түлшийг ашиглаж занших хэрэгтэй гэсэн санал гарснаас гадна Д.Эрдэнэбат гишүүн агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөвхөн Цэвэр агаарын тухай хуулиар л зохицуулна гэсэн байр суурьтай байлаа. Тэрээр мөн "Энэ хуулийг судлаж боловсруулах шаардлагатай гэвэл надад материал байгаа" гэж гишүүдэд хэлсэн юм.
Хууль санаачлагчид болон гишүүд санал бодлоо хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх эсэх талаар санал хураахад 13 гишүүний ес нь дэмжлээ. Мөн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гишүүнээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл томилогдлоо.
Агаарын бохирдлыг бууруулахад бүх яам хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.