![](/uploads/201404/news/thumb/12e1ff8a9c9bee0df52f83de7810b24f_x3.jpg)
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үндсэн таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Хуралдааны эхэнд Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл, тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Шилэн дансны тухай” хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хийсэн.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжив.
Үүний дараа Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг ярилцсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс улсын мөнгөн тэмдэгтийг дээдлэх нь зүйтэй. Гэхдээ валютын ханшийг бодит байдал дээр хөрсөн дээр нь буулгаж тооцох ёстой гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Түүнчлэн валютын ханшийг гурван янзаар оруулж ирж байгаа нь хүмүүсийн толгойг эргүүлж байна. Татварыг бууруулж оруулж ирвэл татварын орлогын төлөвлөгөө биелэхгүй. Ялангуяа онцгой албан татварыг бууруулж оруулж ирж байгаа нь цаг үеэ олсонгүй. Татварын хуулиудыг цогцоор нь оруулж ирэх, төсвийн тодотголтой хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууриас хандаж байсан юм.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад санал дэмжиж байгаа болон эсрэг саналтай гишүүдийн тоо тэнцсэн учир хуулийн төслүүд дэмжигдэх боломжгүй болсон. Ингэснээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар гаргах Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулахаар тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх туйхай хуулийн төслүүд буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан. Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулсан. Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын тооцоонд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тус тус тусгагдаагүй тул төсөвт өөрчлөлт орохгүй талаар танилцуулгад дурдагдсан. Мөн Тоног төхөөрөмжийн чөлөөлөгдөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 2.0 сая орчим ам.доллар буюу 3.6 тэрбум төгрөг болно гэж тооцоолсон байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлав.
Онцгой албан татварын тухай хууль дэмжигдсэнгүй | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.