Шууд Chart

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 30 орчим хувьтай байна

2020-08-20 17:32:41

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна. Музейн таван давхрын цутгалт дууссан гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс тодруулахад “Чингис хаан” музейн барилга угсралтын ажил 30 хувьтай хэвийн үргэлжилж байна. Саяхан музейн таван давхрын бетон цутгалтыг авч дуусгалаа. “Чингис хаан” музейн ажлын хэсэгт 110-120 хүн ажиллаж байна. Бид музейн барилгыг 2021 оны зургаадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газар шорооны ажил болон нэгээс таван давхрын бетон цутгалтын ажил дууссан” гэв.

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс музейн сан хөмрөгийн талаар өмнө нь тодруулахад "Үйл ажиллагаа явуулж байгаа музейн сан хөмрөгөөс “Чингис хаан” музей рүү шилжүүлнэ. Одоогоор хэчнээн музейн сан хөмрөгөөс үзмэр шилжүүлэхийг эцэслэн шийдээгүй байна. Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байна. Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей байгуулна. Тийм учраас XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэнэ" гэдгийг хэлж байсан юм.

Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. Мөн 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 30 орчим хувьтай байна  
Үзсэн: 1612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй