Шууд Chart

"Цагаан уул" наадмын тэргүүн шүлэг

2020-08-21 10:56:34

Залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг "Цагаан уул" хайрын шүлгийн яруу найргийн наадам саяхан МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж, Т.Амар-Амгалан түрүүлсэн билээ. Харин хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, Ц.Отгонбаатар, Э.Төгсжаргал, тусгай байрт Т.Мөнх-Амар шалгарсан юм.

Уг наадмыг Монголын залуучуудын холбоо 1992 оноос (зарим жил завсарласан) хойш 21 дэх удаагаа зохион байгуулав.

Энэ жил дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас үзэгчгүйгээр болсон ч МҮОНТ-ээр гарах юм байна.

Шүүгчээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Пүрэв, МЗЭ-ийн шагналт, “Цагаан уул” наадмын эзэн, яруу найрагч Н.Минжинсайхан, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Цагаан уул”наадмын эзэн Ч.Ууганбаяр нар ажиллалаа.

Ингээд уншигч танаа тэргүүн байр эзэлсэн найрагчийн шүлгийг хүргэе.

“ҮҮРДИЙН ХАЙР”

Төгсгөл нь харагдахгүй гуниг шиг минь
Төгсгөлгүй хайртай явах чинь үнэн
Түүнд чинь итгээд энд мод тарилаа
Түлшгүй болвол ирж унагаарай түүнийг!

Түмэн зовлон ээрсэн бидний харгуйд
Та уйлж, нулимсаар чинь би шүлэг л бичнэ
Таван тив живаа улс дотор
Таныг л бичих нь харин миний үйлийн үр ээ!

Учрал гэдэг хагацлын дулаахан үүдэнд
Удаан биш ч хөтлөлцөж явсан чи минь
Уртаар эхэр татан уйлахдаа
Ургуулж өгсөн модыг минь түшиж зогсохоо мартуузай!

Мөнх бусын тоосонд ширхэглэн хийсэхэд ээ ч
Мөрийг чинь налаад цэнгэж яваагаар бодно
Мөсөн зүрх газрын хэвлийд нойрсовч
Мөнөөх сайхан цээжийг чинь налсан шиг үүрд санана!

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Цагаан уул" наадмын тэргүүн шүлэг  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй