Шууд Chart

“Хэлгүй жим” киноны нээлт энэ баасан гарагт болно

2020-08-26 17:41:57

“Этик” продакшны хоёр дахь уран бүтээл “Хэлгүй жим” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ баасан гарагт нээлтээ хийхээр болжээ. Киноны найруулагчаар тус продакшны залуу жүжигчин Г.Даваазул ажиллаж, гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, жүжигчин А.Энхжин, М.Дорждагва, Д.Хосбаяр нар тоглосон байна.

Энэхүү киног хилийн 0257 дугаар ангид алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй хилчид улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан бодит түүхээс сэдэвлэжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийнхээ гэгээн дурсгалд зориулж уг киног хилийн 0257 ангийн дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан тус продакшнтай хамтран бүтээсэн байна.

Киноны агуулгын хувьд 1990 оны социалист нийгмээс ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралын хүнд хэцүү цаг үеийг харуулах ажээ. Түүнчлэн Хөвсгөл аймагтай хил залгаа орших ОХУ-ын Буриад түмний амьдрал хүнд нөхцөл байдалд орсноос болж хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, улсын хил зөрчиж байсныг тус кинонд өгүүлэх юм.

"Этик" продакшны хувьд 2018 онд байгуулагдсан бөгөөд хамгийн анх "Хүний цаана" киног үзэгчдэд хүргэсэн бөгөөд продакшны захирлаар жүжигчин А.Энхжин ажилладаг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хэлгүй жим” киноны нээлт энэ баасан гарагт болно   
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй