Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр Засгийн газрын “11-11” төвд ажиллаж уг уулзалт ярилцлагад 5000 орчим иргэн хандлаа.
Шинэчлэлийн Засгийн газар хавтгайрсан халамжийн тогтолцоог цэгцлэж, бэлэнчлэх сэтгэлгээ суусан хөдөлмөрийн насныхныг ажил хөдөлмөр эрхлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлтэйгээр Хөдөлмөрийн яамыг шинээр эмхлэн байгуулсан гэдгийг сайд уулзалтын эхэнд хэллээ.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдагчид Улаанбаатар хотын 26, орон нутгийн 31 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 53 мэргэжлээр суралцаж байгааг сайд хэллээ. Эхний хоёр сар танхимд онолын мэдлэг заалгаж, үлдсэн гурван сарыг ажил олгогчийн ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг оролцуулдаг бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгодог байна. Мөн ажил олгогчид үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэн төгсөлтийн шалгалтыг хамтран авч, ажлын байраар хангах зэргээр хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн онцлог гэлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэж, нийт төгсөгчийн 79 хувь нь ажилтай болжээ. Энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагч танхимын сургалтаа дуусган үйлдвэрлэлийн дадлaгад гарсан бол хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдаж эхэлжээ.
Ийнхүү эх орондоо ажилтай болох боломж нээгдсэнээр гадаадад ажиллах иргэдийн тоо буурчээ. Өмнө нь нэг жилд 3000 гаруй хүн БНСУ-д ажиллахаар явдаг байсан бол өнгөрсөн жил 1900 болсон байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн талаарх мэдээллийг Хөдөлмөрийн яам ил тод болгосон. Аймаг тус бүрт аль компанид ямар зориулалтаар хэдэн төгрөгийн зээл олгосон тухай мэдээллийг яамны цахим хуудсанд байршуулснаар зээлийн санхүүжилтэд иргэд хяналт тавих боломжтой болжээ.
Я.Санжмятав сайдад 5000 иргэн хандлаа | ||
Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.