Шууд Chart

Эмэгтэй консулууд томилогдлоо

2014-04-17 11:14:49

Өнөөдрийн нэгдсэн чуулганы эхэнд Монгол Улсаас Бүгд найрамдах Индонез болон Холбооны Бүгд найрамдах Бразил улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  П.Цагаан,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.

Үүний дараа гишүүд асуулт асууж санал бодлоо хэлж Гадаад харилцааны сайд Л.Болд тайлбар хийсэн юм. Тухайлбал, О.Баасанхүү гишүүн гадаадад томилох консулууд тухайн орныхоо хэлийг мэддэггүй асуудал их гарч байна. Манай улсын иргэд эрх нь зөрчигдөөд очихоор заавал орчуулагчаар дамжуулдаг. Тийм учраас тухайн орны хэлийг мэддэг хүнийг томилж болдоггүй юм уу гэсэн санал гаргасан. Үүнд Л.Болд сайд “Өмнө нь хэлтэй байх гэсэн шалгуур байсан. Одоо бол заавал тийм шаардлага байхгүй. Томилогдсон Элчин сайдууд хууль эрх зүйн мэдлэг өндөртэй байж, иргэдийнхээ эрхийг хамгаалж байх нь чухал” гэж мэдэгдсэн юм.
Харин Ё.Отгонбаяр гишүүн манай орноос гадаадын улс орнуудад элчин сайдын газраа нээхдээ илүү нухацтай хандах хэрэгтэй гээд Индонез улсад манай улсаас 20 хүн, Бразил улсад гурван хүн оршин суудаг, ийм нөхцөлд заавал Элчин сайдын газар нээх хэрэг байна уу гэж асуув. Гадаад харилцааны сайд үүнд манай улс олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг болоод дэлхийн ихээхэн хүн амтай улсуудтай найрсаг харилцаа тогтоох нь чухал гэдгийг хэллээ.
 
Түүнчлэн Д.Эрдэнэчимэг гишүүн эмэгтэй консулууд томилогдож байгаад баяртай байгаагаа хэлж тухайн орны сайн засаглал нь эмэгтэй парламентчдын оролцоогоор хэмжигддэг гэдгийг мөн хэлсэн юм.
 
Энэ удаагийн консулуудад Ш.Батцэцэг, Ч.Сосормаа гэх хоёр эмэгтэй сонгогдож байгаа юм.
 
Ч.Сосормаа нь сэтгэл зүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа бол Ш.Батцэцэг нь  жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос эхлэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ.
 
Уг асуудлыг хэлэлцэх үеэр Ж.Батзандан, Б.Болор, Д.Ганбат, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, М.Зоригт, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа нар шинээр томилогдож буй эмэгтэй консулуудыг дэмжиж байгаагаа хэлээд өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Үүний дараа санал хураалт боллоо. Ингэхэд Ш.Батцэцэгт 70 гишүүнээс 68 гишүүн зөвшөөрсөн бол, Ч.Сосормааг 70 гишүүнээс 69 гишүүн дэмжиж албан ёсоор томилогдлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эмэгтэй консулууд томилогдлоо  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
50.74.162.xxx [50.74.162.xxx] 2014-04-21 17:00
Consuluud bish ee

Бидэнтэй нэгдээрэй