Шууд Chart

Гишүүдийн “давхар дээл”-ний асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2014-04-17 14:23:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагт чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. 

Эвслийн бүлгийн завсарлага авсан хугацаа өнөөдөр дуусч чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэн юм.
 
Ингээд хуралдаан үргэлжилж тус асуудлаар байнгын хорооны хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Хуулийн төслийн II зүйлд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ гэснийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хууль хэрэгжиж эхэлнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирснийг гишүүд хэлэлцсэн юм. Гишүүд өөрсдийн санал бодлоо хэлж ярилцсаны дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гишүүдийн “давхар дээл”-ний асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй