Шууд Chart

Ж.Энхбаяр: Зургаан гишүүн “давхар дээл”-тэй үлдэнэ

2014-04-17 15:55:42

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай хуулийн төсөл нь хууль санаачлагчаасаа 2016 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх саналтай байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гарсан. УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүтэй зарим гишүүдээс энэ хуулийн хэрэгжилтийг 2014 оны долоодугаар сарын нэгээс эхлүүлэх санал байсан ч мөн байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй юм.

Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжигдээгүй саналаар санал хураахад, 69 гишүүний 35 нь зөвшөөрөөгүй тул 2014 оны долоодугаар сарын нэгээс эхлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.
 
-Гишүүдийн давхар дээлийг тайлах хуулийн төсөл ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх боломжтой болж байна. Одоо энэ асуудал дээр шийдлийн ямар боломжууд байгаа вэ?
-Үндсэндээ гурван шийдэл байна. Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдуудаа өөрчлөх буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах. Засгийн газрын тухай хуульд заасан үндсэн чиг үүргийн яамдуудыг заасан байгаа. Тэрийгээ өөрчилж болно. Хоёрдугаарт,  эцсийн хэлэлцүүлэг дээр байнгын хороо дээр асуудлыг дахиж босгох гэж оролдох тийм боломж бий. Өөрөөр хэлбэл, саяны саналыг гуравны хоёроор унагаах боломжтой. Гэхдээ ийм боломж байхгүй. Яагаад гэхээр МАН-ын бүлгийн байр суурь хатуу байгаа учраас тэр боломжгүй. Гуравдугаар хувилбар бол эцсийн хэлэлцүүлэг дээр ерөнхийлөгч өргөн барьсан хуулиа буцааж татах. Ийм гурван шийдэл байна.
 
-Ерөнхийлөгч өөрөө хуулийн төслөө буцаан татах нь хэр боломжтой вэ?
-Энэ зөв шийдэл биш. Яагаад гэвэл энэ бол нийгмийн захиалга. Тэгээд ч манай улсад үүсээд байгаа эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал нь УИХ нь өөрөө Засгийн газраа хянаж чадахаа больсонтой холбоотой. Төсвөөс гадуурх асар их зарцуулалтыг Засгийн газар хийж байна. Энэ нь эдийн засгийн уналтыг бий болгож байгаа.
 
-Хууль хэрвээ хэрэгжиж эхлэвэл УИХ болон Засгийн газрын бүтцэд нэлээд өөрчлөлт орох байх л даа?
-Тийм. Тэгэхээр Ерөнхий сайд болон үндсэн таван чиг үүргийн таван яамны сайд нар л давхар дээлтэйгээ үлдэнэ гэсэн үг. 12 яамны сайд нар гаднаас томилогдоно. Жагсаалтаар сонгогдсон сайд нар сайд байх уу, гишүүн байх уу гэсэн сонголтоо хийнэ. УИХ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт гарна, багцаагаар дөрөв, таван хүн их хуралд шинээр орж ирэх байх.
 
-Хэрвээ зургаан сайд давхар дээлтэй үлдвэл Үндсэн хуулийн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гэсэн заалт яах вэ?
-Энд бол Үндсэн хуулийн цэцийн маргаан үүснэ. Үндсэн хууль дээр Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн хамт байж болно гэж заасан учраас зургаан гишүүн үлдэхэд асуудал байхгүй. МАН Үндсэн хуульд зөрчил гаргахгүйн тулд Ерөнхий сайд, үндсэн чиг үүргийн яамдын сайд нар давхар дээлтэй байж болно гэсэн саналыг оруулсан юм. Тэгэхгүй хэт туйлширвал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн зөрчилтэй болчихож байгаа юм.
 
-Дараа нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээрх таван яамаа нэмэгдүүлж, давхар дээлтэй гишүүдийн тоогоо дахин нэмэх боломж гарч ирж магадгүй юм?
-Таваас илүү гаргахгүй байх. Үндсэн таван яам л байгаа шүү дээ. Түүгээрээ л явна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Энхбаяр: Зургаан гишүүн “давхар дээл”-тэй үлдэнэ  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй