Шууд Chart

Богд хааны ордон музей нь 8600 гаруй үзмэртэй бөгөөд жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг

2020-09-11 10:20:12

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сурагчдыг музей үнэ төлбөргүйгээр үзэх долоо хоногийн арга хэмжээ үргэлжилж байгаа билээ.

Олон арван музейгээс Богд хааны музейг орцолвол үзвэр сонирхогчдын 70 хувь нь хүүхэд байв.

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Тус музей нь 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг аж.

1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь бий болжээ.

Ийнхүү тус музейн талаар товч танилцуулья.

Ёслол хүндэтгэлийн талбай

Зуны ордны үүдний хэсгийг ёслол хүндэтгэлийн талбай хэмээн нэрийддэг. Уг хэсэгт хаант төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан цогц дурсгал байрлана. Үүнд халхавч хаалга, асарт гурван хаалга, чаган, Амгалан энхийн хаалга зэрэг багтдаг.

Махранзын сүм

Сүмийн хаалганы дээд талд баясгалант алтан шар луугаар тойруулж чимсэн модон самбарт саскрит, ланз, соёмбо, төвд, монгол, манж, хятад алтан үсгээр “билгийн хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээн бичиж өлөгсөн байна. Сүмийн дотор баруу зүүн талд дөрвөн их хаадын шүтээн дүрийг хоёр хоёроор нь эгнүүлэн байрлуулжээ. Дөрвөн хааны өлмий дор тэрсүүдийн найман амьтныг номхтгосныг харуулсан баримал дүрсүүд байна.

Торго зургийн сүм

Зээгт наамал хэмээн алдаршсан Монголын торгон зургийн урлаг нь 19-20 зууны эхэн үед тэргүүлэх хандлагатай хөгжиж байжээ. Тухайн цагийн алдартай урлаачдын бүтээсэн зээгт наамлууд нь зохиомж, өнгө хослол, ур хийцээрээ урлаг уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн бөгөөд зураач  хар зургаа гаргасны дараа торго хоргойгоор өнгө тохируулан хатгаж урлах нь будгаар зурсан зургаас дутуугүй өнгөлөг болж харагддаг байна.

Шүтээн зургийн сүм

Энд 19-20 зууны эхэн үеийн нэрт зураач Жүгдэр, Хасгомбо, Гэндэндамба  нарын бүтээлийн зэрэгцээ их хүрээний дэг сургуульд хамаарах нэр нь үл мэдэгдэх зураач урчуудын олон тооны бүтээл бий. Эдгээр бүтээлүүдийг торгон дээр байгалийн эрдэс шороон будаг ашиглан урласан ба бурхны шашны зохиол, хутагт мэргэдийн намтар, дүр зэргийг дүрслэн харуулжээ.

Эрдэм итгэмжит сүм

Эрдэм итгэмжит буюу Найдан хэмээх энэ сүмд жил бүр зуны сүүлийн сард Шаддүвлин хийдээс 16 лам залан ирүүлж 8-р Богдын нас буяны мөрд зориулан  “ найдан чог” ном хурдаг байжээ.

Олон бурхдын сүм

Богд хаант Монгол улсын үед бурханы сангийн сүм гэж нэрлэх болжээ. Уг сүм бурханы шашны урлалын олон арга ажиллагааг ашиглан бүтээсэн бурхад, тухайлбал, өнгөт металийн цутгуур, хөөмлийн арга мөн шавар баримал, модон сийлбэр, цаасан шуумлын аргаар бүтээсэн бурхдыг байрлуулжээ.

Номын сангийн сүм

Уг сүм Богд хааны номын сангийн барилга юм. Түүний эл номын санд монгол, төвд, санскрит, манж, хятад хэлээр бичигдсэн 8000 гаруй боть судар байжээ. Тэдгээр судрын ихэнх нь одоо улсын төв номын санд хадгалагдаж байна. Одоо энэ сүмд Богд хааны номын сангийн хөмөргөөс үлдсэн зарим судар номыг дэлгэснээс гадна номын бар, барын зураг мөн сүсэгтэн олны хэрэгцээнд зориулж зутгадаг бурхдын шавар, гуулин хэвийг дэлгэн харуулсан байна.

Лавиран сүм

Сүмийн голд Монголын анхдугаар богд  Өндөр гэгээн Занабазарын хөрөг баримал байхаас гадна Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх тэргүүтэй хорин нэгэн дарь эх байдаг.

Сэрүүн асар

Сэрүүн асар буюу Равса нь Махранзын сүмийн баруун зүүн хойд хэсэгт байрладаг. Баруун талынх нь хонхны асар зүүн талынх нь хэнгэрэгийн асар юм.

Өвлийн ордон

Энэ ордондоо Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил  өвлийн цагт амьдарч байжээ. Одоо энд хаан хатан хоёрын эдэлж хэрэглэж байсан эд өлөг, хувцас өмсгөл, гоёл зүүсгэл, тэрчлэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн барьсан бэлэг сэлт, амьтны чихмэлүүд, ирвэсийн арьсан гэр зэрэг олон сонирхолтой үзмэрүүд бий.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Богд хааны ордон музей нь 8600 гаруй үзмэртэй бөгөөд жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг  
Үзсэн: 4281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй