![](/uploads/202009/news/thumb/d2c903022d37a4097c1ee57a2203492e_x3.jpg)
Халдварт бус өвчин буюу түүний дотор Зүрх судасны өвчний үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхитэй хяналттай байх тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх нь үр дүнтэй болохыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газраас ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн анхан шатанд нэвтрүүлэхээр болсон.
2019 оны 6 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал, доктор Такеши Касайг Монгол Улсад айлчлах үеэр загвар төслийг эхлүүлсэн.
Тус төслийн хүрээнд зүрх судасны өвчин (ЗСӨ)-ний 10 жилийн эрсдлийг тодорхойлж, цусны даралт, цусан дахь глюкоз, холестерины өөрчлөлтийг үйлчлүүлэгч бүрт үзэж үнэлэн, эрсдэлд үндэслэн ХБӨ/ЗСӨ-ээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах, өөрийгөө хянах талаар стандартчилагдсан эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмнэлзүйн заавар, алгоритмын дагуу эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр тогтоосон эмийг зөвлөх, эмчилгээний үр дүнг хянах зэрэг үйлчлүүлэгчээ дагасан цахим программыг хөгжүүлсэн.
ЗСӨ-ний эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг ЭМАШТҮ-ний байгууллагуудад хэрэгжүүлсний үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, ЗСӨ-нөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн хяналтын түвшин нэмэгдэж цусны даралт ихсэлт, чихрийн шижин өвчний хүндрэлгүй тохиолдлыг сум, өрхийн эрүүл мэндийн төвд хянах хяналт сайжирч байна. Загвар төсөл хэрэгжсэн 2020 оны эхний хагас жилд гарсан тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоог төсөл хэрэгжихээс өмнөх 2019 оны эхний хагас жилд гарсан нас баралтын тоотой харьцуулахад Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин тус тус буурчээ.
ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, MонПЭН загвар төслийг өргөжүүлэн эрүүл мэндийн анхан шатны бүх байгууллагад шат дараатайгаар хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон тэмдэглэсэн. Ингэснээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх боломж бүрдэх юм.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн анхны инновацын форумд Монгол Улс шилдэг туршлагаа танилцууллаа | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.