Шууд Chart

Процессын хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2014-04-18 11:33:45

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулсан.

УИХ-аас 2012 оны гуравдугаар сарын долооны өдөр Шүүхийн тухай багц хуулийг батласан. Уг хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, маргааныг эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа учраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хуулийн төслийн агуулга нь Шүүхийн тухай багц хуульд зааснаар шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилж, түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг үндсэн харилцааг хуульчлахыг зорьжээ.
 
Хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж болон Ажлын хэсгийнхний хариултыг сонссон юм.  
 
Үүний дараа тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Процессын хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй