Шууд Chart

"Тэмээ ус уух өдөр" зураг Өмнөговийн музейн чухал үзмэрийн нэг юм

2020-09-18 15:37:12

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач А.Довчиндаваагийн худаг дээр тэмээн сүрэг усандаа ирж буйг дүрсэлсэн "Тэмээ ус уух өдөр" уран зураг Өмнөговь аймгийн музейн чухал үзмэрийн нэг аж. Тэрбээр 1983 онд зурсан агаад тос, зотон ашиглаж, 135x109см хэмжээтэйгээр бүтээжээ.

Зураачийн талаар тодруулахад, 1932 онд Дэлгэрхангай сумын нутаг Хашаатад малчин ард Уртнасангийн ууган хүү болон мэндэлжээ.

Гэвч Номгон сумын Адъяагийнд өргөгдөн бага насаа өргөгдөн мал маллан өнгөрүүлсэн байна.

Тэрээр Номгон сумынхаа бага сургуульд суралцан Төхөм, Их, Бага цохио, Гурвангэдрэгийн нуруу, эдгээрийн ар, өврийг даган нутаглаж, бага наснаасаа аян жин тээлцэж, эмнэг хангал тэмээ унаж, эдэлж, тэмээний зан араншинг сайн мэддэг, түүнийг хайрлаж, бахархаж чаддаг болон хүмүүжжээ. 

А.Довчиндаваа нь Гурвантэс сумын давсны үйлдвэрт ажиллан их ажлынхаа гарааг эхэлж, К.Марксын хөрөг зургаар Оюутан залуучуудын анхдугаар их наадамд оролцож шалгаран авьяас билэг нь тодорсон гэдэг.

Улмаар 1962-1964 оноос Урчуудын салбарт дагалдан зураач, 1964-1989 онд Урчуудын салбарт эрхлэгч, 1989 оноос Өмнөговь аймгийн Ёлын амны музейг үүсгэн байгуулж улмаар тэндээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Зөвхөн зураач төдийгүй сайн барималч, хөгжмийн авъяастан байсан гэдэг. Уран бүтээлийн оргил үе нь 1960-1990 он байжээ.

Түүний бүтээлээс дурдвал:

- 1983 онд “Морь уургалалт”, “Буурын ноцолдоон”, “Битүүний шөнө”, “Галбын говийн домог”, “Лимбын эгшиг”.

- 1986 онд “Ботгоны уралдаан” зэрэг зургийн томоохон бүтээлээс гадна

- 1966 онд Нанзад баатрын хөшөө /Манлай сумын төвд/

- 1971 онд Түвдэнгийн Борын хөшөө /Цогтцэций суманд / 

- Даланзадгадад 1971 онд Буурын баримал, 1979 онд Ээжийн хөшөө,

- 1975 онд Буурын баримал Мандал-Овоо суманд босгожээ.

- Улаанбаатар хотын хүүхдийн паркийн бүх үлгэрийн баатрууд болон бусад баримлын скизийг гаргасан юм.

Мөн 1995 онд ӨМӨЗО-ны Далай хөвөө хошуунд Цагаан морины хөшөө зэрэг бүтээл нь олны танил болсон байна.

Түүний бүтээлийг үнэлж 1983 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, мөн ойн медалиудаар шагнасан байна. Тэрээр 2000 онд урлагийн их өргөөгөө орхин бурхан зүг оджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Тэмээ ус уух өдөр" зураг Өмнөговийн музейн чухал үзмэрийн нэг юм  
Үзсэн: 2704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй