Шууд Chart

Татварыг төгрөгөөр ногдуулдаг болно

2014-04-18 13:37:16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар буюу татварыг төгрөгөөр ногдуулах эсэх талаар хэлэлцлээ.

Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ыг гишүүн Ц.Даваасүрэн нар танилцуулсан юм.
 
Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээ тогтоосон бол Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тооцохоор тогтоосон байдаг.
 
Үүнээс үүдэж ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол эсрэгээрээ ханш буурсан нөхцөлд төсвийн орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлдөг учраас ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулжээ.
 
Ингэхдээ Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх бодит орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримталсан гэдгийг Сангийн сайд хэлсэн юм.
 
Уг асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асуужУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар үг хэлэв.
 
Ингээд Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 60 нь буюу 90.9 хувь нь татгалзсанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Татварыг төгрөгөөр ногдуулдаг болно  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй