Шууд Chart

Улсын төв эмнэлгийн эмч нар Говьсүмбэр аймагт ажиллаж байна

2020-09-22 10:59:27

Өнгөрөгч долоодугаар сард Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт Говьсүмбэр аймагт ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хурдацтай чадавхижуулах, эмч, мэргэжилтнүүдийн харьцаа, ёс зүйд онцгой анхаар ажиллах, түүнийг ажил хэрэг болгоход яамны төвшинд болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгосон.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 12-ны тушаалаар Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тэгвэл  ЭМЯ-ны харьяа байгууллагуудын хамтарсан баг Говьсүмбэр аймгийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, тусламж, үйлчилгээний чанар” сургалтыг энэ амралтын өдрүүд буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-20-ны хооронд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад УНТЭ, УХТЭ, ГССҮТ, СЭМҮТ, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран ажиллалаа.

Сургалтаар эхэнд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Р.Оюунханд хэлсэн үгэндээ “Говьсүмбэр аймгийн  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чирэгдлийг багасгах зорилгоор хамтарсан ажлын хэсэгт байгуулан ажилласан. Бидний гол зорилго бол Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутагт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд олон талт ажлыг төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

ЭМЯ-ны харьяа байгууллагуудаас бүрдсэн баг  орон нутагт ирж сургалтуудыг газар дээр нь зохион байгуулахаас гадна аймгийн эмч, мэргэжилтнүүд хотод очиж, түргэвчилсэн сургалтад хамрагдаж байна” гэдгийг онцлов.

УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “ЭМЯ-наас хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхижуулах төсөлд манай эмнэлэг хамтран оролцож байна. Эрүүл мэндийн сайдын 8 дугаар сарын 21-ний 405 тоот тушаалаар УХТЭ үйлчилгээний хамрах хүрээг тэлж нэмэгдүүлсэн бөгөөд үүнд Говьсүмбэр аймаг багтаж, аймгийн эмнэлгийг чадавхижуулах, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар манайхаас Эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлгийн эмч нар тус эмнэдэгт сарын хугацаатай ажиллаж байна. Цаашид аймгаас амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн цагийг цахимаар авах болон  өвчтөн, үйлчлүүлэгчдийн 13А, Б маягтыг цахимаар илгээх боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ ажил 10 дугаар сард хэрэгжиж эхэлнэ. Цаашид бид Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн төвийг тогтмол арга зүйн зөвлөгөө болон эмч солилцооны хөтөлбөрийн дагуу сургалтаар хангаж ажиллана" гэв.

Гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг Говьсүмбэр аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ талаар ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Бид 2019 оноос эхлэн орон нутагт гэмтэл согог тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн онд нийт гурван аймагт  хэрэгжүүлсэн. 2020 оны эхэнд Увс аймагт хэрэгжүүлээд Ковид-19 цар тахалтай холбогдуулан төслийг үйл ажиллагааг түр хойшлуулсан. Харин 09 дүгээр сараас төсөл маань Говьсүмбэр аймагт үргэлжилж байна" гэлээ. 

Говьсүмбэр аймгийн хувьд хүн ам бага боловч дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй тул зам тээврийн ослын тохиолдол өндөртэй байдаг. Тиймээс тус аймагт гэмтлийн тусламж үйлчилгээг ойроос авах асуудал хамгийн чухал. Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгаас резидент эмч манайд суралцаж байна. Мөн дээрээс нь манайхаас мэс заслын эмч нар ээлжлэн сарын хугацаатай томилолтоор ажиллаж, ажлын байранд сургалт хийж, орон нутгийн эмч нартай хамтарсан мэс засал, эмчилгээ, оношилгоо  хийх зэргээр гурван сарын хугацаатай мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ "Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, хандлага болон гэмтлийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, эмнэлгийн бүх шатны албан хаагчид зэрэг нийт 120 гаруй хүн оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан манай аймагт ажиллах үеэр эмнэлгийн хүчин чадлыг газар дээр нь ирж үзэн зарим асуудлыг шийдвэрлэж явсан. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчийг сайжруулах зорилготой хамтарсан багийг томилсон. Энэ ажлын хүрээнд УНТЭ, УХТЭ,ГССҮТ, СЭМҮТ-ийн эмч нар сарын хугацаатай манай эмнэлэгт ажиллаж байна. Тэдний зүгээс лавлагаа шатлалын тусламж,үйлчилгэаг ард иргэдэд үзүүлэхээс гадна, эмнэлэгт байхгүй тусламж үйлчилгээг бий болгох талаас шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрны сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлыг эхлүүлсэн Эрүүл мэндийн сайд болон ЭМЯ-ны төлөөллүүд болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлага, эмч нарын баг мөн аймгийн удирдлагуудад талархаж байгаагаа ард иргэд, эмч, мэргэжилтнүүдийнхээ зүгээс илэрхийлж байна” гэсэн юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын төв эмнэлгийн эмч нар Говьсүмбэр аймагт ажиллаж байна   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй