![](/uploads/201404/news/thumb/79ecd7c00ca1e2c187c8ed15e86246a0_x3.jpg)
Та бүхэнд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудлуудын тоймыг хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр уламжлал ёсоор УИХ дахь нам бүлгийн эвслүүд хуралдсан. АН-ын бүлэг хуралдаанаараа Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг дахин оруулж ирэх асуудал болон Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцсэн бол МАН-ын бүлэг үүсээд байгаа эдийн засгийн хямралт байдлын талаар хэлэлцэж Засгийн газар ард түмнээсээ эдийн засгийн талаар бодит байдлыг нууж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин бие даагчдын зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн юм .
Монгол Улсаас Бүгд найрамдах Индонез болон Холбооны Бүгд найрамдах Бразил улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нар томилогдсон. Элчин сайдаар хоёр эмэгтэй хүнийг сонгож байгаа нь томоохон манай улс жендерийн тэгш эрхийг хэрэгжүүлэгч орон гэдгийг илтгэнэ гэдэгтэй олон гишүүд санал нэгдэж байсан юм.
Харин УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах буюу Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хувьд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.
Шилэн дансны тухай хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдсэн байсан ч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дэмжигдэлгүй унасан юм.
УИХ өнгөрсөн долоо хоногт | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.