Шууд Chart

МҮОНРТ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2020-10-01 12:31:56

МҮОНРТ-ийн удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, халуун яриа өрнүүлэн гарын бэлэг гардууллаа.

Ахмадуудын хувьд тус байгууллага нь хоёр дахь “гэр” нь билээ. Иймд залуу насандаа хамтран ажиллаж байсан нөхөдтэйгээ уулзаж, байгууллагаараа саатсан нь хамгийн сайхан мөчүүдийнх нь нэг юм.

Арга хэмжээнд МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, “Монголын мэдээ” сувгийн захирал П.Отгонтуяа, Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Ц.Амарбаясгалан, ахмадын зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож, баяр хүргэв.

Мөн Техникийн төвийн явуулын станцад, МҮОНР-ийн найруулагчаар ажиллаж байсан С.Буянхишиг, Ч.Алимаа нарт Радио, телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Байгууллага хөгжлийн газрын захирал Т.Батзориг, Монголын үндэсний радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн тоймчоор ажиллаж байсан ахмад сэтгүүлч Ч.Буянхишиг нарын сэтгэгдлийг сонссон юм.   

Т.Батзориг: МҮОНРТ 360 орчим ахмадтай

Бид ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ залуу үеийн сэтгүүлч, уран бүтээлчидтэйгээ уулзуулж, туршлага солилцох завшаан олдож байгаа юм. “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр, МҮОНР-ийн “Тэнхлэг” хөтөлбөрийн өнөөдрийн мэдээг манай байгууллагын залуу үеийн төлөөлөл зарим ахмадтайгаа хамтран хөтлөн явуулна.

Монгол Улсад ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон даяар энэхүү баярыг тэмдэглэх болсон. Тэр дагуу манай байгууллага тухайн үеэс эхлэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлсээр байгаа.

МҮОНРТ 360 орчим ахмадтай. Зарим нь орон нутагт амьдарч байгаа ч урилгаа жил бүр бүгдэд нь хүргэдэг. Тэднээс зав чөлөөгүй, хол ойрын байдлаас шалтгаалж зарим нь ирэхгүй байх ч тохиолдол бий.

Ч.Буянхишиг: Ахмадууд бид залуудаа хамт ажиллаж байсан нөхөдтэйгээ уулзах л хамгийн том бэлэг

Миний бие энэ сайхан байгууллагадаа ажлаад 40 жилийг үдсэн. МҮОНРТ-ийн удирдлагууд, хамт олон маань ахмадууд биднийгээ жил бүр хүлээн авч баярлуулдаг. Энэ жил хэдийгээр дэлхийн дахинаа тархаад буй коронавирус дэгдсэн ч алгасахгүйгээр ийнхүү хүлээн авч байгаад нь баяртай байна.

Бидэнд зориулж үзэсгэлэн танхим, гэрэл зураг авхуулах орон зай бэлдэж, гарын бэлэг гардууллаа. Ахмадууд бид заавал ямар нэгэн зүйлээр шагнуулж, хоол унд идэх гэж байгаадаа биш байгууллагадаа ирж, залуу үедээ хамтарч ажиллаж байсан нөхөдтэйгээ уулзах минь хамгийн том бэлэг юм даа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй