Шууд Chart

Хонконгийн төрийн албан хаагчид АНУ-ын Ерөнхий консулын ажилтнуудтай уулзахаас зайлсхийв

2020-10-02 09:20:38

Хонконгийн төрийн албан хаагчид АНУ-ын Ерөнхий консулын ажилтнуудтай уулзах, холбоо тогтоохоос зайлсхийх ёстой гэсэн зааварчилгаа авчээ. “Сөүт Чайна Моонинг Пост” сонинд мягмар гарагт мэдээлснээр, Вашингтоноос Хятадын дипломатчдын үйл ажиллагааг хязгаарласны хариуд БНХАУ-ын засаг захиргаанаас авч байгаа хариу арга хэмжээ нь энэ гэнэ.

Зааварчилгаанд Хонконгийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн албан хаагчид АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтантай утсаар ярьж болохгүй, Америкийн талаас зохион байгуулсан үйл ажиллагаа, семинарт тусгай зөвшөөрөлгүйгээр уригдан оролцох хориотой. Хэрвээ АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнаас дуудлага ирвэл яриагаа таслах ёстой юм байна. 

Хонконгийн засаг захиргааны тэргүүний албанаас төвийн Засгийн газраас явуулсан энэ арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 3-нд Америкийн нутаг дэвсгэрт ажилладаг БНХАУ-ын дипломатчдын үйл ажиллагаанд хэд хэдэн хориг тавихаар болсноо зарласан.

Тухайлбал, их сургуулийн хотхонд очих, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзахаар болбол Төрийн департаментаас зөвшөөрөл авах ёстой гэж заажээ. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яам Хятад, Хонконгийн нутаг дэвсгэр дээрх Америкийн дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудад хязгаарлалтын арга хэмжээ авна гэж энэ сарын 11-нд мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Хонконгийн цагдаа нар ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болох БНХАУ байгуулагдсаны ойн өдөр засгийн эсрэг хууль бус эсэргүүцлийн арга хэмжээ дэгдэхээс сэргийлж 6000 ажилтнаа дайчлан ажиллах гэж байна.

Хонконгийн захиргаа сөрөг хүчнээс нь гаргасан жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг коронавирусний тархалттай холбон хүлээн аваагүй юм. Гэвч жагсагчид энэ өдөр эсэргүүцлийн бичигтэй хар хувцас өмсөж, зам хааж, эмх замбараагүй байдал дэгдээхийг интернэтээр уриалаад эхэлжээ.

Цагдаа нар хууль бус жагсаал цуглааныг уламжлал ёсоор Виктория цэцэрлэгт хүрээлэнгийн бизнесийн төв хүртэл үргэлжилнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн жагсагчид Ванчай дүүргийн үзэсгэлэнгийн төвийн дэргэдэх талбайд болох баярын ёслолын ажиллагааг зогсоож магадгүй гэж үзжээ.

Хятадын тусгай засаг захиргааны энэ бүсэд өнгөрсөн оны зунаас эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хонконгийн төрийн албан хаагчид АНУ-ын Ерөнхий консулын ажилтнуудтай уулзахаас зайлсхийв  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй