![](/uploads/201404/news/thumb/ad96a457bfaee8fe9e76f0f2da02485f_x3.jpg)
Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөө өглөө Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт, гадна зам зэрэгт хэсэгчилсэн засвар хийгдэж байжээ. Харин 12 дугаар сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсөн хэсэг, дахиад нурж болзошгүй дөрвөн газар байгаа гэж дүүргийн Засаг дарга хэллээ.
Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосон байна.
Мөн шуурхай зөвлөлгөөний үеэр Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны арын төв зам доогуур хөндлөн хойд чиглэлд гардаг хэсэгт авто замын суулт өгсний улмаас дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан талаар мэдээллээ.
Уг гэмтэл гарсны улмаас өвлийн ид ачааллын үед сүлжээний усны алдагдал нэмэгдэж, уур цан савссан байдалтай энэ өвлийг давжээ. Шугамын хэсэгт үзлэг шалгалт хийхэд эхний ээлжинд авто замын арын дулаан хуваарилах худгаас урд чиглэлд 80 м орчим хос шугам сүлжээ, арматур туслах төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэгдэх шаардлагатай нь тогтоогдсон байна. Тиймээс энэ шинэчлэлийн ажлыг хийх 46 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэхийг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хүссэн юм.
Харин нийслэлийн Засаг дарга холбогдох албаныхныг газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
Нийслэлийн 62 дугаар сургуулийн барилгад нуралт үүсчээ | ||
Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.