![](/uploads/202010/news/thumb/53a70c4ad94517795796979dfa1df0f1_x3.jpg)
Орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн 40 жилийн ой энэ жил тохиож байна. Тус номын сан нь хуучнаар ЗХУ-ын тусламжаар баригдаж, 1980 оны 10 дугаар сарын 5-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
БНМАУ-ын АИХТ-дийн 1986 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 207 тоот зарлигаар их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон байдаг.
1999 онд Нийслэлийн Засаг даргын А/20 захирамжаар Чингэлтэй дүүргийн Горькийн нэрэмжит нэгдүгээр, Хан-Уул дүүргийн хоёрдугаар, Баянзүрх дүүргийн гуравдугаар, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр номын сангын байрыг Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд балансаас балансад шилжүүлсэн нь номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг 1998 оноос эхэлж дотоод сүлжээг байгуулан Австралийн Softlink компанийн “Alice for Windows программыг үйлчилгээндээ нэвтрүүлж уншигчийн болон номын мэдээллийн санг байгуулан электрон каталог зохион байгуулж, үйлчилгээндээ шинэ техник технологийг нэвтрүүлж эхэлсэн билээ.
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийтийн мэдээллийн төвтэй хамтран сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Америкийн соёл мэдээллийн төвийг 2004 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс нээн ажиллуулж байна.
2009 онд Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг камерийн системд суурилсан чөлөөт сонголттой болгож, Монголын анхны чөлөөт сонголттой үйлчилгээтэй номын сан болсон юм. Өнөөдрийн байдлаар тус номын сан нь дөрвөн салбар /Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт/ тасагтай, 80 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхэм зорилго: Нийслэлийн хүн амын боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сан, номзүйн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэхэд оршино.
Уншлага үйлчилгээ: 2011 онд нийслэлийн нийтийн номын сангуудын үйлчилгээний үнэ тарифыг хямдруулж, төв болон салбар номын сангууд үйлчилгээндээ мөрдөх болсноор уншигч хэрэглэгчдийн тоо өссөн. 2011 онд 60 мянган байнгын уншигч хэрэглэгч, 210 мянган ирэгсдэд, 585000 боть ном, тогтмол хэвлэл бусад материал олгож үйлчлэх төлөвлөгөөтэйгээс 66309 байнгын уншигч хэрэглэгч, 230846 ирэгсдэд, 605286 боть ном хэвлэл, бусад материал мэдээллүүдийг олгож үйлчилсэн байгаа аж.
Номын сан хөмрөг: Улаанбаатар хотын нийтийн номын сангуудын нийт фонд нь 450 мянга орчим монгол, орос, англи хэл дээрх ном болон судар, брайль, том үсэгтэй ном, газрын зураг, 1000 орчим аудио видео цомог материал болон электрон мэдээллийн нөөцүүдтэй, 70 гаруй нэр төрлийн Монгол, гадаад хэл дээрх тогтмол хэвлэлүүдтэй.
Соёл танин мэдэхүйн ажил: Соён гэгээрүүлэх чиглэлээр төвлөрсөн номын сангийн хэмжээнд уулзалт, лекц, шинэ номын танилцуулга, нээлт, сургалт зөвлөгөө, уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг болно.
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан 40 нас хүрлээ | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.