![](/uploads/202010/news/thumb/f7557feca4c5632aacd32ae392e7a9b9_x3.jpg)
Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналат яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Үргэлж мөнх өдрийг үзье” хэмээх шүлгийг уншигч танаа хүргэе.
Үргэлж мөнх өдрийг үзье
Үргэлж залуу, үргэлж мөнх өдрийг үзье
Үзэсгэлэнт бүсгүй өөдөөс ирэх өдрийг үзье
Өнөөдрийн бороо, норсон өвсийг үзье
Өнгөрөн салах хугацаа, давхин ирэх хүлэг морьдыг үзье
Нарны инээмсэглэл, сарны зүүдийг үзье
Явуугийн шүлэг, Ли-богийн жүнзтэй архийг үзье
Навчны судал, чиний алганы хээг үзье
Ямар эрвээхий цэцгэн дээр суухыг үзье
Зөн совин, сэтгэлийн ухаарлыг үзье
Зөөлөн нь хатуугаа нөхөх ертөнцийн жамыг үзье
Зүс улаахан алимыг шүдээрээ хазаж үзье
Зөвхөн хоёулаа нэг талыг нь идэж үзье
Хаврын урсгал, намрын тайллыг үзье
Хадны чийг, өөрийн нулимсыг үзье
Хаа холын гялбаа, үүлсийн туяаг үзье
Харгуйн бараа тодрон болихыг үзье
Хээр хөдөөгийн замаар явж үзье
Хэн нэгэн сууж юм бодсон чулууг үзье
Задгай галын ором налсан өвсийг үзье
Залуугийн бадаг хоёр биений зургийг үзье
Уугаад орхисон архины цэнхэр лонх
Хөвдөнд хэвтэхийг үзье
Уяхан энэ замбуу дээр
Учрал тавилан болсныг үзье
Өмнийн уулс цэнхэрлэн харагдахыг үзье
Өргөн гол мөрд мөнгөрөн урсахыг үзье
Үдшийн бүрийд гөрөөс зогсохыг үзье
Өнө эртний нуга хөндий цагаан гэрүүдээ үзье
Нарийн салхины үзүүр шанхаар шургахыг үзье
Намайг чамайг наадуулах цагийн аясыг үзье
Наргил шаргил модонд шувууд дуулахыг үзье
Ямар цэцгэн дээр эрвээхий суухыг үзье
Үүд хоймроор дүүрэн Дарьгангын хүүхдийг үзье
Өгзгөндөө хөх тэнгэрийн тамгатай монголын үрсийг үзье
Үргэлж залуу үргэлж мөнх насыг үзье
Үүрийн шаргал гэгээнд чамайгаа би үзье
Д.Нямсүрэн: Үргэлж мөнх өдрийг үзье (Шүлэг) | ||
Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.