Шууд Chart

Олимпийн дөрвөн удаагийн аварга Дарья Домрачевагийн төрсөн ах баривчлагджээ

2020-10-13 12:17:56

Беларусьт өнгөрсөн ням гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 580 гаруй оролцогчийг баривчилсан гэж хүний эрхийг хамгаалах “Весна” байгууллагаас мэдээллээ.

Мөн дээрх байгууллагын сайтад саатуулагдсан 585 хүний нэрийг жагсаан бичжээ. Тэдний дотор олимпийн дөрвөн удаагийн аварга, биатлонч Дарья Домрачевагийн ах, архитектор Никита Домрачев ч багтжээ. Түүнчлэн эсэргүүцлийн арга хэмжээг дамжуулсан гэсэн шалтгаанаар хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгчийг саатуулаад сулласан гэх мэдээлэл байна.

Эсэргүүцлийн арга хэмжээ ням гарагийн орой эхэлж, өнгөрсөн шөнө дунд төгсчээ. Энэ хугацаанд эсэргүүцэгчид замын хөдөлгөөнийг хаасан байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөний өмнө буюу бямба гарагт Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко түр тусгаарлах байранд хоригдож байгаа сөрөг хүчний удирдагчидтай уулзжээ. Уг уулзалтад Белгазпромбанкны тэргүүн асан Виктор Бабарико, түүний хүү Эдуард Бабарико, Зохицуулах зөвлөлийн бүгд хурлын гишүүн, хуульч Лилия Власова, сөрөг хүчний штабын зохицуулагч Юрий Воскресенский нарын 11 хүн оролцсон байна.

Энэ уулзалтын дараа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Светлана Тихановская сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа хоригдож байгаа нөхөртэйгөө утсаар ярих боломж гарсан гэж мэдэгджээ.

Түүнчлэн уулзалтын дараа Лукашенко сөрөг хүчний хоёр удирдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.

Уг нь Лукашенког сөрөг хүчнийхэнтэй уулзсаны дараа Беларусийн засаг захиргаанаас жагсагчдад хандах хандлага нь зөөлөрнө гэж ажиглагчид харж байсан ч ням гарагийн эсэргүүцлийн хөдөлгөөн олон тооны хүн баривчилсан, өмнөхөөс илүү ширүүн жагсаал боллоо гэж мэдэгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн дөрвөн удаагийн аварга Дарья Домрачевагийн төрсөн ах баривчлагджээ   
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй