![](/uploads/202010/news/thumb/57bae864ad42af0d796e80a1c57e8519_x3.jpg)
1943 онд 18 настайдаа Ховд аймагт цугларсан 240 тонн бэлгийг 1200 тэмээнд ачин 107 хүний хамт ирэх очих 2700 гаруй км замыг 230 хоног туулан ОХУ-ын Бийск хотод хүргэсэн байдаг.
Энэ түүхт хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсан юм. Энэ түүхэн хүнтэй 2005 онд “Ховд” их сургуулийн багш, доктор М.Ганболд уулзан дурсамж тэмдэглэлийг нь бичиж ХИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн Түүхийн товчоон сэтгүүлийн 2009 оны Tomus-IV хэвлүүлснийг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэж байна. (265-271 талаас ишлэв).
Бийск хотноо бэлэг хүргэсэн минь
(дурсамж тэмдэглэл)
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондогийн Лувсан
Товч намтар: Борондонгийн Лувсан 1923 онд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн нутаг Авхай хэмээх газар Борондонгийн ууган хүү болон мэндэлжээ. Захчны Пүнлүүчин элкэн тэрээр 12 наснаас ээж, өнчин хоцорсон дүү нараа тэжээхийн тулд аргал түүж, тариа тарьж малаар арилжин амьдарч эхэлжээ.
1938 оноос 15 настайдаа Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, 1941 онд шинэ бичигт сургах 45 хоногийн дамжаанд суралцан шинэ үсэг заах соёлын довтолгооны багш болжээ.
1943 онд 20 настайдаа цэрэгт мордон амины /хувийн/ мориор Ховдын Булганд хүрч таван жил цэргийн алба хааж, Байтаг богдын тулалдаанд гурван удаа оролцон, генерал Доржийн тушаалыг биелүүлэн яаралтай бичгийг 14 өртөө газрыг мориор туулан нэг цагийн өмнө хүргэн өгч гавьяа байгуулжээ.
1944 оноос сумын багийн агентаар ажиллаж байгаад 1955-1998 оны хооронд Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл, Булган сумын Минжит Булган хоршооллын даргаар ажиллажээ. ХАА-н нэгдлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор болон Сүхбаатарын одонгоор гурван удаа шагнаж 1972 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгожээ. Тэрээр АИХ-ын депутатаар таван удаа, МАХН-ын Төв хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж байлаа. 1983 онд өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш төрсөн нутагтаа мод үржүүлж, нэг сая 500 мянган улиас, бургас, 15 мянган жимсний мод тарьж ургуулан хөдөлмөрлөсөөр байна. Тэрээр улс эх орондоо 60 жил алба хаасны 47 жилийг сум нэгдлийн даргаар ажиллаж амьд ахуйдаа домог болон мөнхөрчээ.
Дурсамж: Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Гитлерийн герман ЗХУ-ын халдан довтолсон мэдээг баруун Монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон гэж хүлээн авч байлаа. Дэлхийн II дайны хүнд жилүүдийн нэг буюу 1942 оны зун Ховд аймагт Германы Фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн /ЗХУ/ цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм. Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын бэлэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг. Фронтод сайн дураар бэлэг хандив цуглуулах хөдөлгөөний явцад манай Манхан сумын захчин ардууд 2700 шахам агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа. Манай сумын I багийн малчин Э.Жамсран, А.Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь, II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь, III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь, IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь, V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь, VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 19-34 агт морь, VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай дөрвөн агт морь (унагатай гүүгээ авч хоцроод), IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа.
Ардууд хонь, үхрийн мах борлуулан бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээгээ бэлэглэж байв. Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлгийг хүргэх 108 хүнтэй том цувааг ахлах үүргийг 18 настай эвлэлийн үүрийн дарга надад оногдууллаа.
Энэ даалгаврыг аймгийн яамны төлөөлөгч Батдэлгэр, сумын удирдлага Н.Дорж, Г.Чойжинжав, Б.Балжаа нараас надад өгөхөд би баярлан хүлээн авч байв. Багуудад зар тараан явж, 1200 орчим тэмээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. 1942 оны есдүгээр сарын 17-нд алсын замд гарлаа.
Жингийн цуваанд 107 хүн багтаж, 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцсаа нэг бүрчлэн базаав. Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа.
Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм. Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ Пионерийн удирдагч, Артелийн шалган байцаах комиссын дарга, Фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, Мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм.
Жинчдээс одоо амьд сэрүүн байгаа нь 84 настай Д.Лхасүрэн, 76 настай Ж.Луузан тэгээд миний бие л байна. Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм. Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай явна. Өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээндээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээгээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдлөнө. Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч надад хадгалагдаж байна. Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамарга шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр халтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаар санагдавч, бид урагшилсаар л байв.
Бие биенээ зоригжуулан заримдаа “Гитлерийн Фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж, “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян Монгол” зэрэг дууг дуулалдан орос хүүхнүүдтэй наргиж тоглож явлаа.
Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул халтираатай газар тэмээ гулсаж халтираад хэцүү боллоо. Бид тэмээндээ “гутал” оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явав. Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа.
Тэмээ гулсаад явж чадахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана. Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ халтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээдэд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа. Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй аль байдгаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц, ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна.
Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуу платьтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс ингэж бидэнд тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм. Тэр үед зөвлөлтийн эрчүүд нь бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусалж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцсаа тайлан хаяад хөр цасан дунд ханцуй шамлан бидэнд тусалж урам зоригийг сэргээдэг байлаа.
Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана. Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хуурт урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “Баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа.
Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудасны ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж. 12 сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет амны даваа өөд наймдугаар багийн жинчид бид хоёр метр зузаан цастай 400 орчим метр газрыг хоёр хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ. Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч тусалж байв.
Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээгээ давуулж билээ. Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээндээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав.
Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа. Жинчид хүн тэмээгээ гурван хоног амраагаад буцах боллоо. Би ч яах вэ жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа. Бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа. Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс дахин уулзаж чадаагүй юм даа. Биднийг буцхад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд улаан будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачуулан буцаав.
Фронтод бэлэг хүргэх хүнд хэцүү аяллын үеэр миний мэдэж авсан бас нэгэн зүйл бол Монгол мал тэр дундаа тэмээний тэсвэр тэвчээр хүч чадал байлаа. Алдарт хэцүү Чекет амны даваа давахад зарим тэмээндээ 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байлаа. Тэмээнээсээ хэд дахин том ачаа дайвалзан мөн ч сүртэй аймаар харагдана. Нэг ч ачаа орхих эрх бидэнд байгаагүй. Өвлийн хүйтэн шөнө тэмээд 4-10 ширхэг 20 см бургасны мөчир хэвж хоноод маргааш нь хүч чадал сэлбэгдэн босож ирнэ.
Хивлэг алдсан тэмээнд 8-10, өлдөөгүй тэмээнд дөрвөн ширхэг бэлтгэсэн бургас өгнө. Замд бэртэж гэмтсэн эсвэл эцэж туйлдсан тэмээгээ орхиод явах үнэхээр хэцүү. Орхиод явахад тэмээ нулимс асгаруулан буйлна. Жинчид цурхиртал уйлалдан эргэж харцгаана. Орхисон тэмээний ачааг хамгийн сайн тэмээндээ нэмэн ачна. Хамгийн чадал сайтай тэмээд гэвэл манай сумын Ядамсүрэнгийн бор, Пунцагийн хөх, Лувсангийн бэц улаан, Баатарын цайвар, Цог-Очирын хөх, Балсангийн шар, Гончигийн улаан, Нойровын далиу хүрэн, Содномын мэлтгэр хүрэн, Жамбын аяс хүрэн, батын шар атнууд байлаа. Ялангуяа ямар ч хол жинд явсан ч улдах гэж мэдэхгүй, бөх нь ширээ ирдэг Зэрэг гол багийн Жамбын аяс хүрэн атыг мэдэхгүй орос, монгол хүн Чуйн замд байгаагүй.
Намар жинчид Жамбаас хүрэн атыг нь гуйж авч явна. Тэд Жамбын хүрэн ат уулын өндөрт түшиг болно, эзгүй газар эр хүнд сүр болно, аяс хүрэнтэй явхад муу хүн, чоно хоёр ч халдаж чадахгүй, аяс хүрэнг авч явахгүй бол ачаа бараагаа бүрэн хүргэж чадахгүй гэж ярилцдагсан.
Мэлтгэр нүдтэй аяс хүрэн гэдэг энэ цуутай атнаас 20 кг ноос гардаг байлаа. Тэдгээр ат бүхий л замын туршид 300-500 кг ачаа тээж байв. Бид Найна гэдэг тосгоны ойролцоо нэгэн айлд Жамбын өөр нэгэн шар атны тавхай нь салбараад явж чадахгүй болсон тул захиж орхиод явлаа. Биднийг бараг хоёр сарын дараа буцаж ирэхэд хөөрхий тэр тэмээ яг л орхисон газарт хүлээж байснаар барахгүй жингийн анир авсан уу яасан урдаас маань таван км газар тосон догонцон очиж бүх тэмээ, жинчдийг үнэрлэн нулимс бөмбөрүүлэхэд жинчид бүгдээр өрөвдөн амраг хань ахан дүүстэйгээ уулзсан мэт болж тэмээг минь харж байсан орос нөхөртөө бэлэг өгч билээ. Монгол хүн, Монгол мал хоёр хаана ч явсан элэг нэгтэй байдаг гэдгийг бид тэр үед ингэж мэдсэн юм.
Биднийг нутагтаа буцан иртэл тэр тэмээ жингийн гол дундаас ганц ч удаа гараагүй юм. Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан харан хэвтсэн байдагсан. 1943 оны тавдугаар сарын 5-нд бид Манхан сумандаа буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоног туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм. Энэ явдлаас хойш 57 жил өнгөрсөн боловч бүх зүйл миний санаанд өчигдөр мэт л тодхон байна.
2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотод хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм.
1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет Аманы давааг бид хоёр цаг туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм. Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид дайнд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмадаа хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд дайны хүнд өдрүүдийг ямар их тэвчээр, сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа.
Тавдугаар сарын 6-нд Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын хуралд надаар үг хэлүүллээ.
Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа. Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашхиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой.
Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм. Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна. Дараа нь тавдугаар сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй.
Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ.
240 тонн бэлгийг 1200 тэмээнд ачин 2700 гаруй км замыг 230 хоног туулсан Б.Лувсангийн түүх | ||
Үзсэн: 2419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.