Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулах журмыг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү журмыг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас гадна ТҮЦ эрхлэгчдийн холбооноос санал авчээ. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 406 ТҮЦ Улаанбаатар хотод байдаг байна.
Журамд дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах бөгөөд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батлах юм байна. ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батласан дизайн загвартай байна гэж заажээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ оны тавдугаар сард багтаан ТҮЦ-ийн загварыг гаргаж батлахаар ажиллаж байгаа аж.
ТҮЦ нь галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна, хяналтын камер галын анхан шатны багаж хэрэгсэлтэй байх юм байна. Мөн эрүүл ахуйн стандартыг хангуулах зорилгоор худалдагчийн ариун цэврийн өрөөг зөөврийн бие засах суултуураар тоноглож, бохирыг урсгах зөөврийн цэвэр усны нөөцтэй, бохирын үнэр дарах, халдваргүйтгэх бодисын хүрэлцээтэй нөөцтэй байхыг журамд заажээ.
Түүнчлэн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор ТҮЦ-ийн гадна талд зориулалтын хогийн сав байршуулж, эргэн тойронд нь тохижилт цэцэрлэгжүүлэлт хийсэн байх ёстой юм байна.
Энэхүү журам нь ирэх наймдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөгдөх юм. Энэ хугацаанд шинээр ТҮЦ нээн ажиллуулах иргэн, аж ахуйн нэгжүүд шинэ журамд заасны дагуу үйл ажиллагаа явлуулах юм. Харин ТҮЦ-ийн үйл ажиллагаа явуулж байгаа 406 иргэн аж ахуйн нэгж нь наймдугаар сарын нэгнээс өмнө хуучин ТҮЦ-ээ Ерөнхий төлөвлөгөөнөөс гаргасан загвар стандартын дагуу шинэчилж, журманд зааснаар тохижуулах ёстой ажээ.
ТҮЦ-үүдийг шинэ загварт оруулна | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.