Шууд Chart

Хууль зүйн байнгын хороо хоёр хуулийн төслийг дэмжлээ

2014-04-22 12:07:21

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шззхэн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ахиц дэвшил гарах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан байна гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэсэн заалтыг онцолсон. Мөн тэрбээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдсэн эсэхийг лавлаж байлаа. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжавын хариулснаар, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх, дүүргийн шүүхүүд шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхлээд байгаа юм байна. Цаашид бүх шүүхийг ийм боломжоор хангах ажээ.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” хэмээх заалтын талаар тодруулсан.
 
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Өөрөө биечлэн оролцох бол төлөөлж буй этгээд оролцохгүй гэдгийг тодруулан хуульд тусгаж өгч байгаа юм. Иргэнийг төлөөлж буй этгээд шүүх хуралд биечлэн оролцох тохиолдолд тухайн иргэн шүүх хуралд суух эрх нь нээлттэй” хэмээн хариулсан. Гишүүд ийн хэлэлцээд дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
 
Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны гишүүд мөн батлах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль зүйн байнгын хороо хоёр хуулийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй