Шууд Chart

“Улаанбаатар” олон улсын XII удаагийн кино наадам нээлтээ хийлээ

2020-10-21 11:13:16

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар өчигдөр нээлтээ хийлээ.
Энэ жилийн наадмын ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байгаа бөгөөд тус наадмын хүрээнд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцарь, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна. Түүнчлэн наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна.
Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-гоор нээсэн бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны “Монгол Кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.
Энэ дашрамд дуулгахад Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, чадавхийг дээшлүүлсэн байна.































Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар” олон улсын XII удаагийн кино наадам нээлтээ хийлээ  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй