Шууд Chart

Хэнтий аймгийн 300 гаруй алба хаагчдыг коронавирусний бэлэн байдлыг хангуулах сургалтанд хамрууллаа

2020-10-22 17:11:11

Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед  манай улсын хувьд ч гэсэн  хөдөө орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхижуулах цогц сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.  Тодруулвал Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг тогтмол хийж хэрэгжүүлж байна.

Энэ дагуу, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
 Ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Хэнтий аймагт 2 өдрийн сургалтаа зохион байгууллаа. Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик сургуулилт зэргийг хослуулан  явууллаа.


 

Хэнтий аймаг нь ажлын хэсгийн сургалт хийж буй 7 дахь аймаг юм. Тус аймаг нь газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрч буй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй бөгөөд корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаагийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийхэд “Дунд магадлалтай” эрсдэлтэй  гарсан байна. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн мэргэжлийн багууд идэвхижиж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжтэй. Үүний дагуу Хэнтий аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, Авто Тээврийн Төв зэрэг байгууллагууд “Ковид-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамтын уялдаа холбоотой ажиллаж 1008 том оврын автобус болон 40553 иргэдээр асуумж судалгаа бөглүүлж хяналт тавьж ажилласан талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баасандорж хэлж байлаа.

Хоёр өдрийн сургалтанд Хэнтий аймгийн ХэАЗДТГ, МХГ,ОБГ, АЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтэнүүд хамрагдаж байна. Мөн тус аймгийн 18 сум, 4 тосгоны онцгой комиссын 170 гаруй  алба хаагчид цахимаар сургалтанд оролцлоо. Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгээр ахлуулсан баг ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, МУЗН, ДЭМБ зэрэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлсэн бөгөөд энэ оныг дуустал 21 аймгийн холбогдох мэргэжлийн бүх нэгжүүдийг сургалтанд хамруулах гэнэ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хэнтий аймгийн 300 гаруй алба хаагчдыг коронавирусний бэлэн байдлыг хангуулах сургалтанд хамрууллаа  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй