Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцлээ

2014-04-23 08:26:45

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг, Канад улсын Элчин сайдын яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар л байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаагийн дээр гарч байгаа хэргүүд нь маш хэрцгий болж буй нь хуулийг эргэн харах шаардлагатайг харуулж байна” гэдгийг хэлсэн. УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хохирогчийг хамгаалах асуудлыг өндөр түвшинд тусгаснаараа онцлог гэж тэрээр нэмж хэлсэн юм.
 
Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Миний улс төрчийн карьерт эмэгтэйчүүдийн асуудал нөлөөлсөн нь” сэдвээр Канадын парламентийн гишүүн асан, сайд асан Мари Коллинс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалал” сэдвээр Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд нар илтгэл тавьж, хуулийн төсөлтэй холбогдуулан эмэгтэй гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асуун, хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал илтгэлийнхээ үеэр, “Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчлаагүйгээс гэр бүл ахуйн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн шинжтэй хэргийг мөрдөн шалгахад ач холбогдол өгдөггүй тул хүчирхийлэл үйлдэгч ял завшиж, хариуцлагаас мултардаг” гэлээ. Энэ мэт эрүүгийн эрх зүйн тогтолцооны үр дүнгүй байдлаас болж хохирогч эмэгтэйчүүд нэн түрүүнд гэрлэлтээ цуцлуулах арга замыг сонгодог ч шүүгчийн зүгээс салгах бус эвлэрүүлэх шийдвэрт илүү анхаарал хандуулдгаас хохирогчид хүчирхийлэлд өртсөөр байх эрсдэлд ордог талаар хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцлээ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй