![](/uploads/201404/news/thumb/e937193bd40fa23750db8c2b98a8d968_x3.jpg)
Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өргөн барьсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна. Тамхин бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд уг протокол ач холбогдолтой ажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дэмбэрэл нар асуулт асуусан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү архи, тамхины орлогын тодорхой хувиар санхүүждэг Эрүүл мэндийг дэмжих сангаас тамхины хор холбогдлыг таниулах сурталчилгааг явуулдаг хэмээгээд энэ эрхийг чухам ямар компанид олгож байгааг тодруулж байлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, архи тамхины хор хөнөөлийг тодорхойлох мэргэжлийн судалгаа болох хамгийн том ажлыг ЭМШУИС-иар хийлгэдэг бөгөөд бусад ажлыг хуульд зааснаар, сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулдаг гэж тайлбарлалаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, энэхүү протоколыг соёрхон батласнаар манай улсын зүгээс ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ хэмээн лавласан. Протоколд нэгдэн орсноор манай улсын хувьд тамхин бүтээгдэхүүний худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Мөн дээрх протоколыг соёрхон баталснаар сөрөг гэхээсээ эерэг нөлөөлөл бий болно гэж сайд хэлээд үр дагавар нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлснөөр илэрнэ гэж тодотгосон.
Байнгын хороо ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.
Тамхины хууль бус худалдааг багасгана | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.