Саудын Арабын Вант Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсын Гадаад харилцааны сайд, ханхүү Сауд бин Аль Файзал бин Абдулазиз Аль Саудтай Жидда хотноо уулзлаа.
Хоёр улсын түүхэнд анх удаа тохиосон энэ уулзалтаар сайд нар бүс нутгийн болон хоёр талын харилцааны олон асуудлаар ярилцсаны дотор бизнесийн харилцаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах, Монгол Улсын нутагт мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж Арабын ертөнцөд экспортлох болон манай улсад тус улсаас газрын тос нийлүүлэх боломж зэргийг хэлэлцэж зарим ажлыг зохион байгуулахаар тохиролцлоо.
Түүнчлэн, энэ үеэр Саудын Арабын Гадаад харилцааны сайд ойрын хугацаанд Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээхээ мэдэгдлээ. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдын Саудын Арабын Вант Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал боллоо хэмээн үзэж буйгаа илэрхийлэхийн ялдамд тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урилаа.
Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант Улстай Монгол Улс 2007 онд анх дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш тус улсаас ханхүү, Газрын тосны сайд зэрэг өндөр түвшний зочид хувийн журмаар ирж байснаас өөрөөр хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалт хийгдээгүй, үүнийг дагаад улс төр, эдийн засгийн харилцаа ч идэвхтэй хөгжөөгүй байгаа юм. Гэсэн хэдий ч дэлхий нийт газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Саудын Арабын Вант Улстай Монгол Улс олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой бөгөөд дээрх уулзалт нь эдгээр боломжийг нээж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахуйц ач холбогдолтой болжээ.
Саудын Арабын Вант улс элчин сайдын яамаа нээнэ | ||
Үзсэн: 1772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.