![](/uploads/201404/news/thumb/72891e52893ae6ed2939978572caa60b_x3.jpg)
Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тус байнгын хороонд УИХ дахь Ардчилсан нам бүлгийн ес, МАН-ын бүлгийн тав, "Шударга ёс" эвслийн таван гишүүнээс бүрддэг. Тэгвэл Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 дэмжсэн юм.
Байнгын хорооноос гарсан уг шийдвэрийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос тодрууллаа.
-Байнгын хорооноос Хууль зүйн сайдыг огцруулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар тодруулаач?
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу долоо хоногийн дотор хороогоор хэлэлцсэн ч гишүүд нэмэлт мэдээлэл хэрэгтэй гэж үзэн хойшлуулаад байсан. Энэ хугацаанд Х.Тэмүүжин гишүүнийг тагнаж, чагнасан асуудлыг прокурор, мөрдөн байцаах газруудаас мэдээлэл авсан. Ингээд өчигдөр уг мэдээллийн талаар хаалттай хэлэлцээд Х.Тэмүүжин сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.
-Хууль зүйн сайдыг гурван үндэслэлээр огцруулахыг тогтоолын төсөлд оруулсан байсан. Харин хаалттай хуралдаанаар өөр олон асуудал хөндөгдсөн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүдээр огцруулах болсон. Тухайлбал, Имрай аппарат тос дамжуулах хоолой барилгын хавтан унасны улмаас эвдэрч 350 орчим сая төгрөгийн хохирол учирсан нь үнэн.
-Х.Тэмүүжин гишүүн хар тамхи хэрэглэдэг охидтой холбоотой гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлыг байнгын хороо юу гэж үзсэн вэ?
-Энэ талаар тодорхой шийдвэр гараагүй.
-Таны хувьд сайдыг огцруулахыг дэмжсэн байна. Аль үндэслэлийг нь голлож дэмжсэн бэ?
-Энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал. Өчигдөр байнгын хорооны гишүүд мэдээлэл авч ярилцаад бүгд өөрийн үзэл бодлоор санал өгсөн.
-Тэгэхээр Х.Тэмүүжин сайдад хууль зөрчсөн асуудал их байсан гэж ойлгож болох уу?
-Хууль зөрчсөн гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага алдсан гэж хэлмээр байна.
-Байнгын хорооны хуралдааны шийдвэр гарахад Х.Тэмүүжин сайд ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүд хэлэлцээд шийдвэр гаргах байх гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ш.Түвдэндорж: Х.Тэмүүжин сайд ажлын хариуцлага алдсан | ||
Үзсэн: 1884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.