![](/uploads/201404/news/thumb/424c045f00eca58cc016e23b9a4e43fe_x3.gif)
УИХ, Засгийн газрын гишүүдийн “давхар дээлийг” тайлах асуудал нэлээд сунжирч байгаа. УИХ-ын нэгдсэн чуулганаас гарсан шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч АН-ын гишүүд хуралдаанд ирээгүйн улмаас хойшлогдсон.
Тодруулбал, чуулганы үеэр "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацаан дээр намын бүлгүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, улмаар Ардчилсан намаас Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн эсрэг кноп дарсан. Үүнээс болж намын эсрэг санал гаргасан “эсэргүү” дөрвийг намаас хөөх тухай яриа ч гарсан билээ.
Даарин дээр давс гэгчээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай асуудал ч мөн энэ үеэр давхцаж эдгээр асуудлуудаас болж Ардчилсан нам дотроо зөрчилтэй байгаа гэдгээ нэгэнт илт болгосон гэж хэлж болно.
Харин өчигдөр хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хурцхан яригдаж байсан Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Бурмаа гишүүн УИХ-ын дарга З.Энхболд болон Х.Баттулга сайдыг өмгөөлсөн учир түүнийг намаас хөөх асуудал бүдгэрэх бололтой.
Ихээхэн шуугиан дагуулаад байгаа гишүүдийн “давхар дээлийг” дан болгох хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооны хуралдаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь Ардчилсан нам дотроо нэгдлээ олж чадсан бол нэг саналтайгаар хуралдаанд орж ирж болох ч нөгөө талаар Ардчилсан нам талцсан хэвээр байгаа бол өнөөдрийн байнгын хорооны хуралдаан дахин хойшилж ч болох юм.
Үүнээс өөр бас нэг хувилбар байгаа нь Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өөрийн санаачилгаар огцорч “давхар дээлээ” дан болгох хүсэлтэй сайд нар тодорхой болсон байж болно.
Гишүүдийн “давхар дээлийг” тайлах эсэх асуудал хэрхэн шийдэгдэх болон энэ талаарх Ардчилсан намын гишүүдийн байр суурийг бид удахгүй та бүхэнд хүргэх болно.
Ардчилсан нам “давхар дээлээ” тайлах уу? | ||
Үзсэн: 2038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.