![](/uploads/201404/news/thumb/ff88bed4681a3aaee5801077b69004c4_x3.jpg)
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдсан. Энэ талаар дөнгөж сая бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуулийн хэрэгжилт, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн талаар ярилцжээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст бүлгийн гишүүд “давхар дээлийг” тайлах асуудал дээр нэгдсэн байр суурьтай болжээ. Тодруулбал, энэ хуулийн хэрэгжилтийг ирэх долоодугаар сараас эхлэн хэрэгжүүлэх эсэх дээр УИХ-ын гишүүд чуулганы үеэр санал хурааж АН-ын зарим гишүүд үүнтэй санал нэгдэж кноп дарсан. Харин АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Ингэснээр гишүүдийн “давхар дээлийг” тайлах хуулийн төслийг АН-ын зүгээс 2016 оны долоодугаар сарын нэгнээс буюу дараагийн парламентийн үед хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр сууриа дахин илэрхийлж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн “Дээрх асуудлаар энэ долоо хоногт хуралдах байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд АН нэгдсэн байр суурьтай санал хураалтад оролцоно” гэж мэдэгдлээ.
Мөн АН-ын бүлэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрчээ. Тодруулбал, Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй, хамгаалж үлдэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.
Энэ талаар Д.Эрдэнэбат "Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш. Нийгэмд хүлээгдэж байгаа хүлээлт, АН-ын гишүүдийн хүлээлт гэж ойлгож байгаа. АН энэ дөрвөн жил шударга ёсыг тогтоохын тулд эрх зүйн орчноо өөрчилж, хууль хяналтын байгууллагыг өөрчилнө гэсэн бол түүнийгээ дуусгах үүрэгтэй. АН-ыг, ардчиллыг төлөөлж, тэргүүн эгнээнд нь явж байгаа хүн бол Х.Тэмүүжин сайд мөн. Тиймээс АН нэгдсэн байр сууринд очих ёстой гэдгийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл тогтоол өгсөн. Энэ тогтоолыг хэлэлцээд АН-аас Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй байх, АН-аас эхлүүлсэн шинэчлэлийн ажлыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан" гэлээ. Иймээс ирэх пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдыг огцруулах асуудлыг бүлгийн гишүүд дэмжихгүй гэдгээ мөн илэрхийлж байгаа ажээ.
Харин Засгийн газраас өргөн барьж хэлэлцэгдэж буй Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн тухайд улс төрийн намуудын бүх төлөөлөл оролцсон ажлын хэсгийн дүгнэлтийн талаар ярилцсан байна. АН-ын зүгээс эдийн засаг хямралтай байгаа энэ үед уг тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар хэрэгжиж дуусах ёстой. Тиймээс ирэх зургаадугаар сарын нэгний дотор тогтоол хэрэгжиж бүх хууль, хуулийн өөрчлөлтүүдийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Д.Эрдэнэбат: АН Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.