![](/uploads/201404/news/thumb/9c8f1f84187d5ddedb18bb4b174f8f32_x3.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүний 18 нь оролцсон юм. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай хуулийн төсөл нь хууль санаачлагчаасаа 2016 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх саналтай байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гарсан юм.
Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг УИХ-ын нэгдсэн чуулганаар орж 2014 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх шийдвэр гарсан. Харин өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Баярцогт Засгийн газрын сайд нарын 50 хувь нь үлдэж, үүн дотроо үндсэн чиг үүргийн яамдууд мөн Шадар сайд багтаж байх санал гаргасан. Түүнчлэн тус хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацаанд өөрчлөлт орвол Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг ч мөн хэлсэн. Тиймээс хуулийн төслийг 2016 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.
С.Баярцогт гишүүний гаргасан горимын саналаар санал хураахад байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй. Тодруулбал, хуралдаанд ирсэн 18 гишүүнээс Г.Уянга гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан тул 17 гишүүн санал хураалтад оролцсон. Үүнээс Ардчилсан намаас Р.Бурмаа, Ж.Батзандан харин МАН-ын гишүүдээс Су.Батболд, Сү.Батболд, М.Энхболд, Л.Цог нар түүний саналыг дэмжсэнгүй.
Тиймээс анхны хэлэлцүүлгээр дэмжлэг хүлээсэн саналын томьёолол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжихээр боллоо. Энэ нь хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2014 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх санал хэвээр үлдсэн гэсэн үг юм. Гэхдээ энэ нь хуулийн төслийн эцсийн шийд биш бөгөөд ирэх пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдэгдэх юм.
Гишүүд “давхар дээлээ” ирэх долоодугаар сараас тайлж магадгүй боллоо | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.