Шууд Chart

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ

2014-04-30 14:27:38

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригт хийсэн юм.
 Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон гишүүдээс ирүүлсэн санал нэг бүрийг хуралдаанаараа хэлэлцээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 40 саналын томъёолол бэлтгэснээ байнгын хорооны хуралдаанд оруулсан юм.
 
Ингээд ажлын хэсгийн гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналуудыг дэмжлээ. Тухайлбал, ажлын хэсгийн гаргасан саналаар уг тогтоолын нэрийг “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөхөөр болсон юм.
 
Мөн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэлд заасан арга хэмжээг УИХ-ын энэ хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус үүрэг болгох, энэхүү чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллах, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2014 оны зургаадугаар сарын нэгний дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтлоо.
 
Мөн төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг тогтоолын төсөлд тусгахаар болов.
 
Дараа нь тогтоолын төсөлд тусгуулахаар УИХ-ын гишүүдээс гаргасан хажуугийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч үдийн завсарлагын цаг болсон тул байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хуралдааныг завсарлуулж, үдээс хойш үргэлжлүүлэхээр болсон юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй