Шууд Chart

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо

2014-04-30 17:45:28

Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байгуулсан ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, А.Тлейхан, Л.Энх-Амгалан, Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл нарын гаргасан хажуугийн саналуудаар санал хураалт явуулав. Үүгээр “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
 
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байв.
 
Харин УИХ  дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ долоо хоногийн даваа гарагт тус бүлгийн хурлаар эл тогтоолын төсөлтэй холбогдуулан Зам, тээврийн сайд А.Гансүхээс мэдээлэл авах хүсэлт тавьсан ч сайдын ажлын байдлаас болоод мэдээлэл авч чадаагүй учраас бүлгийн гишүүд тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэлтэй болох шаардлагатай байгаа тул асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй тул энэ асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч буйг тэрээр мэдэгдлээ.
 
Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй