Дэлхийн Эдийн Засгийн цахим чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ уулзалтад дэлхийн хүчирхэг орны удирдагчид оролцож, хэд хэдэн асуудлаар санаа бодлоо солилцоно. Харин энэхүү эдийн засгийн чуулганы хүрээнд ирэх тавдугаар сард дэлхийн удирдагчид нүүр тулсан уулзалт хийхээр төлөвлөж байна.
Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо дэлхийн удирдагчид чуулдаг. Харин цар тахалтай холбоотойгоор энэ жилийн чуулганыг 2 шатлалтайгаар зохион байгуулахаар болоод байгаа юм. Эхнийх нь өнөөдөр эхэлж буй цахим уулзалт юм. Энэ цахим уулзалтад оролцогчид цар тахал, уур амьсгалын өөрчлөлт болон хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа бусад асуудлаар санаа бодлоо солилцоно.
2021 оны Эдийн засгийн цахим чуулганд оролцогчдод Японы ерөнхий сайд Суга Ёсихидэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ-ин, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар багтжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн аваад удаагүй байгаа Жозеф Байден 5 өдөр үргэлжлэх энэ цахим уулзалтад оролцохооргүй байна гэж олон улсын зарим хэвлэл дамжуулсан.
Гэхдээ тэрээр ирэх тавдугаар сард Сингапурт болох уулзалтад оролцох нь тодорхой юм. Тавдугаар сарын уулзалтаар удирдагчид нүүр тулан уулзаж, санаа бодлоо солилцоно. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтад ороод байгаа. Дэлхийн эдийн засгийг сэргээх, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд олон улсын хамтын ажиллагаа, хүчин чармайлт туйлаас чухал гэдгийг шинжээчид онцолж байна.
| Дэлхийн эдийн засгийн цахим уулзалт өнөөдөр эхэлж байна | ||
| Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.