![](/uploads/201405/news/thumb/2978dd2e110c682848294b8efd1b037b_x3.jpg)
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан юм.
Тус байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр үдээс өмнөх болон үдээс хойших хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн.
Дээрх 38 саналын томьёоллыг өнөөдөр чуулган дээр нэг бүрчилж хэлэлцэн санал хураалт явуулсан юм. Харин байнгын хорооны 31 дэх санал буюу тогтоолын хавсралтад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэсэн дэд заалт нэмэх ажлын хэсгийн саналын томьёололтой холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг бүхэлд нь маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо.
Үдээс хойших хуралдаанаар гишүүдийн "давхар дээлийг" тайлах эсэх асуудлыг хэлэлцэж үүний дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Эвслийн бүлгээс завсарлага авлаа | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.