Америкийн Пфайзер, Германы Бионтех компаниуд вакцины нийт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үүднээс Бельги дэх үйлдвэрийнхээ вакцин үйлдвэрлэх үйл явцыг өөрчилж байгаатай холбогдуулан вакцины түгээлтээ түр хугацаанд бууруулсан. Мөн АстраЗенека компани гэрээнд заасан хэмжээндээ вакцин нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгджээ. Иймд Европын холбоо гэрээгээ дагаж мөрдөхийг шаардаж, цаашид холбооны орнуудад үйлдвэрлэсэн вакцины экспортод хяналт тавихаар шийдвэрлэсэн байна.
Европын холбоо өнгөрсөн оны 12 дугаар сард Пфайзер Бионтехийн хамтран гаргасан коронавирусний вакцин болон Модерна компанийн вакциныг эмнэлзүйд зөвшөөрч, хүн амаа вакцинжуулж эхэлсэн. Гэвч одоогийн байдлаар Европын холбооны хүн амын 2 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Тэдгээр хоёр компаниас Европын холбоо хүн амынхаа 80 хувьд буюу 380 сая хүнд хоёр тунгаар хийх 760 сая вакцин авахаар гэрээ байгуулж, вакцины төлбөрөө аль хэдийн төлсөн юм байна. Европын холбоо одоо Британи Шведийн хамтарсан АстраЗенека компанийн вакциныг эмнэлзүйд хэрэглэх зөвшөөрлийг удахгүй гаргахаар судалж байгаа юм байна. АстраЗенека компани мөн л оны эхний улиралд вакцины нийлүүлэлтийн хэмжээг 60 хувиар бууруулахаа мэдэгджээ.
Иймд Европын холбоо АстраЗенека компани руу захидал илгээж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тус компанид мэдэгдсэн байна. Иймээс Европын комисс холбооны гишүүн орнуудад үйлдвэрлэгдэж байгаа коронавирусний вакцины экспортод хяналт тавихаар болжээ.
Пфайзерын вакцины нийлүүлэлт буурснаас бол Бельгид вакцинжуулалт удааширсан бол Италид мөн ижил нөхцөл байдал үүсэж, тус улсын гадаад харилцааны сайд вакцин нийлүүлэгч компаниудын эсрэг хуулийн хүрээнд арга асуудал дэвшүүлэх тухай хөнджээ. Европын холбоо илүү хурдан тархах чадвартай коронавирусний шинэ төрлийн тархалтыг хяналтад авахаар чармайж, вакцинжуулалтаа өргөжүүлэх бодлого барьж байгаа юм.
| Европын Холбоо Астразенека компанийг гэрээгээ дагаж мөрдөхийг шаардлаа | ||
| Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.