![](/uploads/201405/news/thumb/36005dcb4bf5238f003a9d0311b51a61_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ үеэр байнгын хорооноос гаргасан саналууд дээр гишүүд ярилцаж саналаа илэрхийлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг ярилцах үеэр Д.Ганбат гишүүн гадаадын жуулчдыг татаж, манай улсад орох хөрөнгийг нэмэгдүүлье гэж байгаа бол казино болон төрөл бүрийн бооцоот тоглоомын газруудыг нээх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Тэрээр "ОХУ-д ч гэсэн хүн ам багатай, холын бүс нутгууддаа бооцоот тоглоомын газруудыг байгуулсан байдаг. Энэ нь гадны жуулчдыг ихээр татдаг. Ц.Оюунгэрэл сайдын хэлээд байдаг зөв юм байна лээ, манай улсад тийм казино тоглоомын газруудыг байгуулж жуулчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажлын хэсэг энэ талаар судалгаа хийсэн байх" гэсэн юм. Тодруулбал, Д.Ганбат гишүүн хөдөө орон нутгуудад казино тоглоомын газрууд байгуулж болно гэсэн санал гаргасан юм.
Харин түүний энэ саналд Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт "Дэлхийд 150 гаруй оронд 4000 гаруй казино тоглоомын газрууд байна. Жуулчдыг хамгийн ихээр татдаг Сингапур улс л гэхэд өнгөрсөн жилд казино тоглоомын газруудаар дамжуулж 3000 гаруй жуулчин татаж, 14 орчим сая долларыг төвлөрүүлсэн байна" гэж хэлсэн юм. Тэрээр мөн Д.Ганбат гишүүний хэлдэг зөв, жуулчдыг ингэж татах боломж байгаа гэж мэдэгдлээ.
Тэгэхээр улсын эдийн засгийг эрчимжүүлэх олон арга хэмжээний нэгт нь гадаадын хөрөнгө оруулагчид, жуулчдыг татахын тулд казино тоглоомын газрууд байгуулах санал орж ирж магадгүй бололтой.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Казино байгуулах хэрэгтэй | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.