Олон улсын валютын сан дэлхийн эдийн засаг 2021 онд 5,5 хувиар өсөх урьдчилсан таамаг гаргасан байна. Харин дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн 10 дугаар сард гаргасан урьдчилсан таамгаасаа 0,3 нэгж хувиар бууруулж, 2021 онд 8,1 хувиар өснө гэсэн урьдчилсан төлөвийг ОУВС танилцууллаа.
БНХАУ "COVID-19" цар тахлын өмнөх үе рүү эргэж очиж байгаа цөөн хэдэн орны нэг болж байна гэж ОУВС-ын эдийн засагч мэдэгджээ. Хятад улс цар тахлын дэгдэлтийг амжилттай хязгаарлаж, бизнес эдийн засгийн үйл ажиллагаагаа богино хугацаанд хурдтай сэргээхэд голлох үүрэгтэй оролцож байна.
Тус улсын эрх баригчдын явуулсан сангийн болон мөнгөний бодлогын аль аль нь хамгийн гол хөдөлгөгч хүч болж, эдийн засгийн өсөлтөө сэргээж чадлаа. Төрөөс бодлогоор дэмжсэн нь айл өрх болон албан байгууллага, компани аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагааг хурдан сэргээхэд хамгийн гол түлхэц болсон гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм байна. Харин АНУ-ын эдийн засаг энэ онд 5,1 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 19 улс орныг нэгтгэдэг еврогийн бүсэд цар тахлын нөлөө хамгийн хүнд туссанаас үүдэн тус бүсийн эдийн засаг 4,2 хувиар, Япон 3,1 хувиар өсөх төлөв гарчээ.
ОУВС-гийн таамаглаж байгаагаар вакцинжуулалт эхэлж, зарим том эдийн засгууд нэмэлт санхүүгийн хөтөлбөрүүд баталсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Нөгөө талаар улс орнуудын цар тахалд дасан зохицож, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх бодлого 2021оны хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 2020 онд цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 3,5 хувиар агшсан. Дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцинжуулалт өргөжсөнөөр 2022 онд Дэлхийн эдийн засгийн өсөлт 4,2 хувиар өсөх болов уу гэж ОУВС урьдчилан таамаглажээ.
| ОУВС: Дэлхий эдийн засаг 2021 онд 5.5 хувиар өсөх урьдчилсан таамаг гаргав | ||
| Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.