ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос чинээлэг улс орнууд "COVID-19" цар тахлын вакцинд үндсэрхэг үзэл гаргаж байна гэж зэмлэн буруутгалаа. Тэрбээр буурай орнуудад цар тахлын вакцинаас тэгш хүртэх боломж олгохыг чинээлэг орнуудад уриалжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлсний дийлэнх нь чинээлэг орнуудад, зах зээлд гарсан нийт вакцины 75 хувийг чинээлэг 10 хан улс авч, урьдчилсан захиалга өгсөн байна.
Тедрос Женев хотноо болсон ДЭМБ-ын удирдах зөвлөлийн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, "дэлхийн бүх улс оронд цар тахлын халдвараас сэргийлэх вакциныг тэгш хүртээхийг дэмжих өөр өөрийн ашиг сонирхол байна. чинээлэг орнууд түрүүлж гарсан вакцинуудаас худалдан авч, урьдчилан захиалга өгч хүн амаа дархлаажуулж байна, харин дэлхийн буурай хөгжилтэй, эдийн засгийн чадамж муу орнууд вакцины хүртээмжийг хүлээж байна. Хэрвээ тэгш бус шударга бус энэ байдлыг эрт засахгүй бол дэлхий нийт ёс суртахууны гамшигтай нүүр тулж магадгүй нь" гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл түрүүлж гарсан вакциныг худалдан авахаар чинээлэг орнууд нь биотехнологийн компаниудтай түрүүлж хоёр талын гэрээг байгуулж байгаагаас үүдэн дэлхийн бүх хүн амд коронавирусний вакциныг тэгш хүртээх "Ковакс" хөтөлбөрийн үйл ажиллагаа эрсдэлтэй тулгарч байгаа аж.
Одоогоор улс орнууд биотехнологийн компаниудтай хоёр талын 56 гэрээ байгуулжээ. Чинээлэг орнууд их хэмжээний вакцин захиалж, түрүүлж авч байгаагаас коронавирусний вакцины түгээлтийг сааруулж, үнэ хөөрөгдөх эрсдэл бий болжээ. ДЭМБ энэ оны эхний 100 хоногт дэлхийн бүх улс орон эрүүл мэндийн салбарын ажилчид болон өндөр настай иргэдээ вакцинд хамруулах түвшинд вакцины хүртээмжийг хангахын төлөө ажилцгаая гэж уриаллаа.
Биотехнологийн компаниудад вакцины захиалга нэмэгдсэнээс үйлдвэрлэлийн хүчин чадал, түгээлт гэх мэт олон асуудалтай тулгарч байна, нөгөө талд захиалсан вакцинаа цагтаа авна гэсэн тооцооллоор вакцинжуулалтаа эхлүүлсэн Европын холбооны орнууд вакцин нь хойшлох эрсдэлтэй тулгарч, вакцин тойрсон маргаан эхнээсээ гарч, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна.
| ДЭМБ чинээлэг орнуудыг буурай орнуудад вакцин авах боломж олгохыг шаардлаа | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.