АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэд хэдэн зарлигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Байдены шийдвэрээр Америкийн засгийн газар Холбооны газар нутагт шинээр газрын тос болон хийн цооногууд өрөмдөх зөвшөөрөл олгохоо зогсоохоор болж байна. Мөн 2030 он гэхэд АНУ-д үйлдвэрлэж байгаа сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх юм.
Ерөнхийлөгч Байден зарлигуудад гарын үсэг зурах үеэрээ өнөөдөр Цагаан ордонд уур амьсгалын өдөр тохиож байгааг онцлон мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийн хямралтай тэмцэх тэмцэлд дэлхийд тэргүүлэх ёстойг мөн мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Керриг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчөөрөө томилсон байна. Жон Керри нь 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Парисын гэрээг батлахад чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.
АНУ-ын экс Ерөнхийлөгч Трамп агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээгээ бууруулах амлалт авсан энэ гэрээнээс улс орноо гаргасан. Харин шинэ Ерөнхийлөгч Байден тангаргаа өргөснийхөө дараахан энэ гэрээнд АНУ-ыг эргэн нэгтгэх зарлигт гарын үсгээ зурсан билээ. Харин өчигдөр баталсан зарлигуудынх дагуу Цагаан ордонд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хэмжээний тусгай албыг Цагаан ордонд байгуулахаар болж байна.
Мөн ирэх 4 дүгээр сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн өдрөөр олон улсын удирдагчдын уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Байден уур амьсгалын өөрчлөлт улс орны аюулгүй байдалд хэр нөлөөлж байгаа тухай тайлан илтгэл бэлтгэхийг Америкийн тагнуулын албанд үүрэг болгожээ.
| Жо Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай зарлигуудад гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.