Шууд Chart

Жо Байден цаг уурын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

2021-01-29 11:25:27

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь түүний засаг захиргааны гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн тэргүүний зорилтуудын нэг гэж тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд тэрбээр түүхий нүүрснээс ихээхэн хамааралтай аж үйлдвэрлэлийг цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжүүлэх, төрийн эзэмшлийн газар нутаг дээр байгалийн хий, газрын тосны өрөмдлөг хийхийг түр зогсоох, тэдгээр салбарт татаас өгөхгүй байх зэрэг хэд хэдэн зарлиг гаргалаа.

Энэ нь ирэх 10 жилд АНУ-ын далай тэнгисийн усыг 30 хувиар хэмнэх, далайн эргийн салхины эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой. Жо Байдены засаг захиргаа хүлэмжийн хийг бууруулахын тулд холбооны засгийн газрын автомашины фаркийг цахилгаан автомашинаар шинэчлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2035 он гэхэд эрчим хүчний салбарт түүхий нүүрснээс ялгарах бохирдлыг арилгах, 2050 он гэхэд АНУ-ын эдийн засгийн салбарт нүүрсний хэрэглээг үгүй болгох зорилт тавьж, нар, салхины эрчим хүчинд тулгуурласан зах зээлийн өсөлтийг бий болгож, газрын тос, байгалийн хийнээс хамаарах байдлыг бууруулахыг зорьж байна. Энэ нь хүний хүчин зүйлээс улбаатай дэлхийн дулаарлыг удаашруулахад чиглэж байгаа юм. Дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлд Жо Байдены засаг захиргаа 2 их наяд ам.доллар зарцуулахаа амласан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “АНУ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх гэж удаан хугацаанд хүлээлээ. Бид одоо хүлээхгүй. Бидний өмнө бодитоор тулгарч байгаа энэ хямралын эсрэг бид оройлон тэмцэх цаг иржээ. Бодитоор хэрэгжих боломжтой шийдлүүд бидэнд байна. Үүнийг яаж хийхийг бүгд мэдэж байна. Бид энэ том зорилтыг хэрэгжүүлэхдээ ажлын байраа алдахгүй, харин ч цэвэр эрчим хүчний салбарт ажлын байр нэмэгдэх болно” гэж ярьсан байна. 

Гэхдээ Жо Байдены энэ чармайлт Ерөнхийлөгч болон Ардчилсан намынхны хувьд улс төрийн эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, АНУ салхи, нарны эрчим хүч гээд цэвэр эрчим хүчний хэрэглээнээс илүү их хамааралтай болсноор тус улсын газрын тос, нүүрс олборлодог муж улсуудад олон мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй, нөгөө талд энэ салбарын бизнес эрхлэгчдэд Жо Байдены энэ шийдвэр таалагдахгүй нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Засгийн газар хоорондын зөвлөлийн дарга асан Роберт Уотсон “Байден уур амьсгалын өөрчлөлтийн маргаанд Америкийн үндэсний болон олон улсын үүрэг оролцоог дахин нотлохыг чармайж байна. Бид дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулахын тулд Хятад, Энэтхэг, Европын холбоотой хамтран ажиллах шаардлагатай. Ингэж байж үр дүн гарна. Энэ бол дан ганц цаг уурын хямрал биш. Цаг уур өөрчлөгдсөнөөр улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж байна” гэжээ. 

Дональд Трампын засаг захиргаа цаг уурын өөрчлөлтийг шинжлэх ухаан талаас нь хараагүй, Америкийг Олон улсын гэрээнээс гаргаж, байгалийн хий, газрын тос, нүүрс олборлоход төрийн эзэмшлийн ордуудыг илүү нээлттэй болгож, түүхий нүүрсний бохирдлыг зохицуулах эрхзүйн орчныг сулруулсан гэж мэргэжилтнүүд нь үзэж байна. Жо Байден цаг уурын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр АНУ-ын ТНБД асан Жонн Керриг томилж, Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх тухай зарлиг гаргасан юм.

Цаг уурын өөрчлөлт хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жонн Керри “Уур амьсгалын өөрчлөлтийг одоо байгаагаас илүү нэмэгдүүлж болохгүй. Энэ бол бидний оршин тогтнохтой холбоотой асуудал юм” гэсэн байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаг уурын өөрчлөлттэй холбоотой дүрэм журам боловсруулах, шийдвэр гаргахдаа шинжлэх ухаан, нотолгоо баримтад үндэслэж байхыг төрийн бүх байгууллагуудад үүрэг чиглэл өгөх юм байна. Түүнчлэн Жо Байден цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Цаг уурын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жо Байден цаг уурын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна   
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй