Олон улсын олимпын хорооны удирдах зөвлөл цахимаар хуралдаж, Токиогийн зуны олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалтаа дахин нотолжээ. "Ковид-19" цар тахлын улмаас Зуны олимпын наадмыг хойшлуулах, цуцлах тухай яригдаж байгаа гэж сүүлийн өдрүүдэд олон улсын хэвлэлүүдээр мэдээлэл гарч, эргэлзээ үүссэнтэй холбогдуулан ОУОХ албан ёсны байр сууриа дахин илэрхийлжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл тамирчдын бэлтгэлд сөргөөр нөлөөлж байна. Зуны олимпын наадмыг цуцлах, 2032 он хүртэл хойшлуулах, эсвэл өөр хотод зохион байгуулах боломжгүй. ОУОХ Олимпын наадмыг амжилттай зохион байгуулах үүрэгтэй. Бид ирэх долоодугаар сарын 23-ны өдөр Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд бүрэн төвлөрч ажиллаж байна” гэж ярьжээ.
Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр ойрын хугацаанд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Токиогийн олимпын наадам, Паралимпын наадмын зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй” гэсэн байна.
Токиогийн зуны олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. ОУОХ цар тахлын нөхцөлд Япон улс руу зорчих, халдвараас сэргийлэх гэх мэт Олимпын наадамд хэрхэн оролцох тухай удирдамжийг ирэх сард гаргахаар төлөвлөж байгаа аж.
Харин вакцинжуулалтын хувьд ОУОХ тамирчид дарааллын урдуур орж вакцинд хамрагдахыг дэмжихгүй байгаа, эхний ээлжинд өндөр настай хүмүүс, эрүүл мэндийн салбарынхан вакцинд хамрагдах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ хүрээнд ОУОХ улс орнуудын олимпын хороо тус бүрийг вакцинд тамирчдаа хамруулах асуудлаар өөр өөрсдийн Засгийн газартайгаа зөвлөлдөхийг хүссэн байна.
| Токиогийн олимпын наадам төлөвлөсөн хугацаандаа болно | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.