Шууд Chart

Япон улс дөрөвдүгээр сарын эхээр өндөр настай хүмүүсээ вакцинд хамруулна

2021-01-29 14:52:19

Цар тахлын нөхцөл байдал Японд ч, олон улсад ч төдийлөн сайжрахгүй байгаагийн зэрэгцээ коронавирусний вакцины төлөөх өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж байгаа энэ үед Олимпын наадмын талаарх эргэлзээ нэмэгджээ. Гэхдээ Япон улс цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Зуны Олимпын наадмыг амжилттай зохион байгуулна гэдгээ тал бүрээр илэрхийлж байна. Тус улсын Засгийн газар өндөр настай иргэдээ ирэх дөрөвдүгээр сарын эхээр коронавирусний вакцинд хамруулж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Харин ирэх хоёрдугаар сарын сүүлчээр эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд ажилладаг 10 мянган ажилтныг эхний ээлжинд вакцинд хамруулна. Үүний дараа эрүүл мэндийн салбарын бусад 3 сая хүнийг, дараа нь өндөр настан, хүнд өвчтэй иргэд болон тэднийг асарч сувилдаг иргэд гээд халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг дархлаажуулах юм байна.

Кавасаки хотод гэхэд вакцинжуулалтын бэлтгэл ажлын хүрээнд сургуулилалт хийжээ. Энэ нь иргэд вакцинд хамрагдах идэвх ямар байгааг ажиглах, тандахад чиглэсэн байна. Тус улс Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахад 125 сая хүн амаа коронавирусний вакцинд хамруулах нь хамгийн чухал гэж үзэж байна. Гэвч Японы иргэд вакцинд итгэх итгэл бусад улс орнуудтай харьцуулахад сул байгаа нь эрх баригчдынх нь санааг зовоосон асуудлын нэг болжээ.

Японы Засгийн газар "Пфайзер", "АстраЗенека", "Модерна" гэсэн гадны гурван компаниас нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакцин авахаар гэрээ хэлэлцээр аль хэдийнэ байгуулсан. Энэ бол Японы эрх баригчид Олимпын наадмыг цар тахлаас үүдэж нэг жилээр хойшлуулсан ч Олимпыг дахин товлосон хугацаандаа зохион байгуулахаар эргэлт буцалтгүй шийдвэрлэсний нотолгоо гэж шинжээчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс дөрөвдүгээр сарын эхээр өндөр настай хүмүүсээ вакцинд хамруулна   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй